Грекийн Сайханбилэг

Грек, Монгол Улс юугаараа адилхан бэ? Ямар зүйлээр ижил төстэй вэ? Магадгүй эртний их соёл иргэншил, мандан бадарч дэлхий дахины цөм болж явсан түүхээрээ адил төстэй байж мэдэх. Тэгвэл өнөө цаг үед бас нэг төстэй зүйл байна аа. Юу вэ гэвэл Грек болон манай улсын ерөнхий сайд нар. Сириза нам нь сонгуульд ялснаар байгуулагдсан засгийн газарт Алексис Ципрас хэмээх улстөрч Грекийн ерөнхий сайдаар томилогдоод хоёр сарын нүүр үзэж байна. Яг Ч.Сайханбилэг шиг. Тэдний дунд адил төстэй зүйл үүгээр тогтохгүй.
Грек улс яг л Монгол шиг эдийн засгийн өсөлтөөрөө гайхагдаж байсан боловч мөн л монголчууд шиг төсвийн хэтийдсэн их халамжиндаа дулдуйдсан эдийн засаг нь нэг л өдөр сүйрлийн ирмэгт аваачсан. Евро бүсийн санхүүгийн хямралыг үүсгэсэн Грек улс өнөөг хүртэл эдийн засаг нь тогтворжоогүй, шинэ ерөнхий сайд Европын холбооноос гарах эсэхээ шийдээгүй л байна.
Алексис Ципрас манай нам сонгуульд ялсан нөхцөлд олигтой зээл тусламж өгөхгүй байгаа Европын холбооноос татгалзана гэснээр тус улсын банкуудаас иргэдийн хадгаламжинд байсан асар их евро татагдсан юм. Хариуцлагагүй мэдэгдэл ямар их гарз хохирол авчирдгийг ухаарсан Ципрас сонгуульд ялж Ерөнхий сайд болмогцоо хэтийдсэн их нийгийн халамжийг танаж хасна гэсэн байр сууринаасаа ухарч яавал ард иргэдээ, улс орноо хохироохгүйгээр Европын холбоотой хэл амаа ололцох вэ гэсэн үүднээс Итали, Герман, Франц улсуудад айлчилж төрийн тэргүүнүүдтэй нь ярилцсан юм. Одоохондоо Грекийн улс төрд мандан бадарч байгаа од нь болох Ципрасыг тун хүнд үед улс орны удирдлагыг гартаа авсан, улстөрчийнхөө карьераар дэнчин тавьсан нэгэн хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Яг л Ч.Сайханбилэг шиг. Энэ хоёр эрхэм насны хувьд ч ойролцоо, царай зүсийн хувьд ч дөхөж очих. Ч.Сайханбилэг сайд европ хүн байсан бол ийм л байгаа даа гэмээр.
Хамгийн гол нь тэдний улс төрийн карьер ойролцоо, нэгэн цаг үед хямарч яваа эдийн засагтай хоёр улсын ерөнхий сайдаар томилогдцгоосон. Өмнөх засгийн газрийнхаа гаргасан алдаа дутагдлыг засна хэмээн амлацгааж яг л адил нам хүчнүүдийг урьж засгийн газартаа оруулсан.
Мөн л адил хэтийдсэн нийгмийн халамжийг танана хэмээн мэдэгдэцгээж, нэг л асуудал шүдний өвчин нь болоод байгаа. Гэхдээ Ципраст Оюутолгой, Тавантолгой байхгүй тул байдал илүү хүнд. Харин Хятадыг сонирхлын харцаар харж байгаа тэдний хараа ч төстэй.
Өчигдөрхөн Ципрас улс орноо хямралаас гаргах төлөвлөгөө боловсруулснаа танилцуулж Грек улс тун хүнд байдалд байна, ард иргэд минь бүсээ чангалцгаая, бэрхшээл тулгарах нь хэмээн мэдэгдэж грекчүүдийн зүрхийг үхүүлсэн. Яг л Ч.Сайханбилэг шиг.
Ингээд бодохоор энэ хоёр улстөрч хэдийгээр бөмбөрцгийн хоёр талд байгаа ч ижил төстэй зүйл олон мэт. Хорвоо гэж...
Bataar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ