Ерөнхийлөгч хүнд шийдвэр гаргалаа

2015 оны хоёрдугаар сарын 26. Ц.Элбэгдорж: Жастин Каплаг уучлах хүнд шийдвэр байлаа

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Жастин Капла нар нь манай улсад 35 тэрбум төгрөгийн хохирол учруулсан юм. Тэгвэл уучлал үзүүлсэн талаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тайлбар хийлээ.

Тэрбээр "УУЧЛАЛ: Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу. Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу? Монголдоо би хайртай" гэж өөрийн твиттерээр жиргэжээ.

2015 оны хоёрдугаар сарын 26. Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүллээ

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.

Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан бөгөөд АНУ-ын тойргийн шүүхээс Жастин Каплад уучлал үзүүлэх хүсэлтийг мөн ирүүлээд байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ.

2015 оны хоёрдугаар сарын 25. Ч.Өнөрбаяр: Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн

“Жастин Капла нар өөрсдийн гараар бичсэн уучлалт хүссэн бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуулийн дагуу тодорхой хугацааны дараа уучлал үзүүлэх эрх нь нээгддэг. Нөгөөтэйгүүр Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчид уучлал үзүүлэх бүрэн эрх нь байдаг. Зөвхөн энэ хэрэг бус татвар нуун дарагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний улмаас гэмт хэрэг хийсэн хүмүүст уучлал үзүүлсээр ирсэн. Насанд хүрээгүй хүүхэд болон санамсар болгоомжгүй байдлаасаа болж хэрэгт холбогдсон хүмүүст ч уучлал үзүүлж ирсэн жишигтэй. Монгол улсын иргэн биш хүнд уучлал үзүүлдэггүй гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Татвараас зайлсхийснээс гадна олон төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн хүмүүст бол уучлал үзүүлэх боломж байдаггүй. Харин анх ийм хэрэгт холбогдсон тэгш эрхтэй хүн бүр уучлал хүсэх эрхтэй. Тэр нь гадаад, дотоодын иргэн гэдэг нь хамаагүй. Ерөнхийлөгч асуудлыг нь судалж үзээд уучлал үзүүлэх боломжтой байдаг. Мөн энэ гурван иргэний хэрэгтэй холбогдуулан Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн. Тус захидалдаа манай улсын хоёр иргэнийг уучилж өгөөч гэсэн. Урьд нь манай Ерөнхийлөгч өөрийнхөө иргэнийг цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг Хятад улсын даргад тавьж байсан. Энэ хүсэлт нь амжилттай хэрэгжсэн байгаа. Энэ мэт төрийн тэргүүнүүд иргэнийхээ эрхийг хамгаалж бие, биедээ хүсэлт тавьдаг жишиг дэлхий нийтэд байдаг” хэмээн ярьжээ.

2015 оны хоёрдугаар сарын 17. Каплагийн ээж Сюе Костаншек: Одоо тэд АНУ-ын Засгийн газарт найдаж сууна. (Эх сурвалж Форбес)

Жастин Каплад АНУ-ын Миннесота мужийн сенатор Клобухар, конгрессийн хуулийн зөвлөх Бэчмэн нар туслахаа илэрхийлсэн байна. Эдгээр хүмүүс Капла болон бусад хүмүүсийг татвараас зайлсхийсний улмаас яллагдах нь хэт хүндэдсэн шийдвэр гэж үзсэн гэнэ.

Хорих ялаар шийтгүүлсэн Каплагийн ээж Сюе Костаншек:

- Жастин та бүхний бодож байгаа шиг итгэмээргүй зам туулсан мэт харагдавч бүх зүйл хуулийн дагуу байсан гэдгийг надад хэлсэн. Тэдэнд үргэлж өөр төлөвлөгөө байсан. Одоо тэд АНУ-ын Засгийн газарт найдаж сууна. Зүгээр ажлаа хийж байсан хүү маань шоронд сууж байгаа гэхээр би нэг хором ч тайван сууж чадахгүй байна. Жастин бидэнд үргэлж л итгэж найдсан захидал илгээж байгаа. Хүүгээ гаргаж авах болно.

Жастин Каплагийн аав Билл Капла:

- Хоригдсон хүмүүсийн аав ээжүүд тэдний нөхцөл байдлын тухай төсөөлж чадахгүй байна. Тэнд байгаа хүмүүс хүүд маань болон хамт ял эдэлж буй нөхдөд нь туслаасай гэж хүсч байна. Би хүүгээ яг ямар байдалтай байгаа тухай үнэхээр хэлж мэдэхгүй байна. Хүүгийнхээ эхнэр, хүүхдийнх нь өмнөөс асар их санаа зовж сууна. Дэргэд байгаа хүн бүр л Монголд хамт очиж, надад туслана гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү хорих ялаар шийтгүүлсэн Каплагийн аав, ээж хоёр “Форбес” сэтгүүлд ярилцлага өгч, хүүгээ Монголын шоронгоос гарган авах бүх арга замыг хайна гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнчлэн ял эдэлж буй Кажукомын охин Лира эцгийгээ суллуулахын тулд “Free Hillarion Cajucom” вэб сайт нээж, аавыгаа эрх чөлөөтэй болгохын тулд олон нийтийг уриалж байгаа аж.

2015 оны хоёрдугаар сарын 16. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Энэ асуудал дээр Монголын нэрийг л бодож хандана"

"Аж ахуй эрхлээд ажил хийгээд татварын тодорхой зөрчилд орлоо гэж бодъё л доо, татвар төлөөгүй ч байдаг юм уу, ямар нэг шалтгаанаар. Тэгэхэд заавал шоронд бариад хийдэг биш, гадна дотно хамаагүй. Татварын газар нь, төлөх ёстой улсууд нь суугаад шүүхийн хажууд ирээд баталгаажуулж өгдөг. Танайх гурван тэрбум төгрөгийн татвар төлөх ёстой юм байна, одоо төлөх гэхээр төлж чадахгүй юм байна, таныг бид шоронд барьж хийхгүй, хоёр жилийн хугацаанд багтаж төл гэдэг. Үнэхээр төлөхгүй зугатаад яваад байгаа бол дараагийн арга хэмжээ, хариуцлагыг авах л ёстой байхгүй юу. Энэ асуудал дээр Монголын нэрийг л бодож хандана"

2015 оны хоёрдугаар сарын 12. Ерөнхийлөгчөөс өршөөл хүсэв

“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагууд Ерөнхийлөгчөөс өршөөл хүссэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяраас тодруулахад "Хүсэлт ирсэн. Хэрхэн шийдвэрлэх талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.

2015 оны хоёрдугаар сарын 10. Ж.Ганбаатар: Шүүх байгууллага шийдвэрээсээ буцвал бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болно

“Бид энэ хэргийг одоогоор ажиглаж байна. Америкийн элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөхийг анхаарч байна. Хэрэв шүүх байгууллага шийдвэрээсээ буцвал бид дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх болно” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ.

2015 оны хоёрдугаар сарын 09. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын нүүрс ассоциаци: Зориуд Эрүүгийн хуулиар шийдвэрлэсний зорилгыг ойлгоход бэрхшээлтэй юм

“...Манай улсын Эрүүгийн болон бусад олон хууль тогтоомж өнөөгийн нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлтийн хурдыг гүйцэхээ больж, амьдралд нийцэхгүй болсныг дээр дооргүй ойлгож, эрчимтэй өөрчлөлт хийх гэж оролдож буй энэ үедээ үр дагавар нь Монголын нэрийг олон улсын тавцанд сэвтээж мэдэх ийм хэргийг зориуд Эрүүгийн хуулиар шийдвэрлэсний зорилгыг ойлгоход бэрхшээлтэй юм. ...Татварын маргаанаар гадаадын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн 30 гаруй сарын турш хилээр гарахыг нь хориглон байж мөрдөн шалгасан энэхүү хэрэг дээр гаргасан шүүхийн шийдвэр нь хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг бизнесийн эрхзүйн орчноор үл барам Монголд хүний эрх, эрх чөлөөний асуудал ч эргэлзээтэй байгааг харуулж, ардчилал хөгжсөн орнуудын иргэдэд айдас төрүүлэхүйц мэдээлэл болон түгж байна...”

2015 оны хоёрдугаар сарын 06. Э.Бат-Үүл Жастин Капла нарыг эргэв

"Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захираласан Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт анхан шатны шүүхээс ял оноогоод байгаатай холбоотойгоор Монголын Бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус зөвлөл болон “Сео” клубын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Жастин Капла, Хилорион Кажуком, Кристобал Давид нартай уулзаж ярилцжээ. “Сүүлийн үед гадны иргэний биед халдлаа, амь насанд нь хүрлээ, сүүлдээ татвар төлөөгүй нэрээр ял хүртэл оноож байна.Бид “Найрсаг Улаанбаатар гэж ярьдаг. Гэтэл бидний хийж байгаа үйлдлүүд үүний эсрэг байна. Тиймээс ямартай ч хотын даргын хувьд Жастин Каплатай уулзъя гэж бодсон. Тэр хүн шүүх ажиллагаа Монголын хуулийн дагуу болсонгүй гэж надад хэлсэн. Үнэхээр тийм бол харамсалтай л байна. Бид хөгжлөө ингэж хойш татаж болохгүй” хэмээн Э.Бат-Үүл дарга тайлбарласан юм.

2015 оны нэгдүгээр сарын 31. АНУ-ын элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас Жастин Каплад холбогдох хэргийг шүүж, шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд "2015 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын шүүх бүрэлдэхүүн АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгалаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Пайпэр Кэмбэлл болон ЭСЯ-ны хэд хэдэн албан хаагчид шүүх хуралд оролцсон ба шүүх хурлын үеэр орчуулгатай холбоотой асуудал үүсэж байсныг ажигласан. Энэ асуудлаас улбаалан шүүгдэгчид шүүх хурлын үеэр орчуулгыг ойлгохгүй байгаагаа мэдэгдэж, өөрсдийгөө ч мөн ойлгуулж чадахгүй байгаагаа илэрхийлсэн. Ноён Каплагийн хэрэг гурван жил орчим үргэлжиллээ. Шүүх хурлын товыг олон дахин хойшлуулсан, хилийн хориг тавьсан зэрэг нь ноён Каплад ихээхэн бэрхшээлүүдийг дагуулсан.

Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат Монголын хэвлэл мэдээллээр саяхан хэлэхдээ, бизнесийн асуудлаарх маргаанд компани нь холбогдсон гаднын удирдах албан тушаалтнуудыг шүүн таслах, тэдэнд хилээр гарах хориг тавих нь Монгол Улсад орж ирэх гадны шууд хөрөнгө оруулалтад мэдэгдэхүйц хөнөөлтэй тухай олон улсын хөрөнгө оруулагчдын хэлсэн санааг давтан илэрхийлсэн.

Монгол Улсын эрх барих байгууллагууд өөрийнх нь үндсэн эрхийг зөрчиж байгаа талаарх нэхэмжлэлийг нь НҮБ-ын Хүний эрхийн комисс нягталж үзэхээр хүлээн авсан гэдгийг ноён Каплагийн хуульчдын баг бидэнд мэдэгдсэн. Бид үйл явцыг цаашид анхааралтай ажигласаар байх болно" гэсэн байна.

2015 оны нэгдүгээр сарын 30. Орчуулагчийн асуудал гарсан гэв

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэх хэргээр “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр хэлэлцэж, тэдэнд таван жил арван сарын ял оноолоо.

2015 оны нэгдүгээр сарын 30-нд Монголын шүүх АНУ-ын иргэн Жастин Каплаг татвараас зайлсхийсэн хэргээр буруутгасан. Элчин сайдын яамны зарим ажилтан, Элчин сайд Энн Кэмбэлл шүүх хуралд байлцаж, шүүх хурлын үеэр хэлмэрчийн алдаа гарсныг ажигласан. Шүүгдэгчид хэлмэрчийг ойлгоогүйн улмаас өөрсдийгөө сайн илэрхийлж чадаагүй гэж үзжээ.

“Саусгоби сэндс”-ийн гүйцэтгэх захирал Каплагийн хэрэг бараг гурван жил үргэлжилж байгаа бөгөөд шүүх хурал удаа дараа хойшилсон болон Монголоос гарч явахыг хориглосон зэрэг нь түүнд хүндээр тусч байна гэжээ.

2015 оны нэгдүгээр сарын 29. Жастин Каплад ял оноолоо

35 тэрбумын татвараас зайлсхийсэн байж болзошгүй “Саусгоби сэндс” компанийн экс удирдлагуудын хэргийг шүүх хурал дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд гурван өдөр шүүж тэдэнд ял оноолоо. Тодруулбал, "Саусгоби сэндс" компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон байна. Мөн шүүгдэгчдээс тус бүр нэг сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгох шийдвэр гаргажээ. Оноосон ялыг чанга дэглэмтэй хорих ангид өнгүүлэх шийдвэр гаргасан талаар тус шүүхийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ж.Энхбаяр мэдээллээ

2015 оны нэгдүгээр сарын 22. Шүүх хурлыг хойшлууллаа

Их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон "Саусгоби сэндс" ХХК-ийн удирдлагуудад холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Улсын яллагч хуралд шинжээч нарыг, шүүгдэгчдийн зүгээс шинжээч болон гэрч нарыг оролцуулах хүсэлт тавьсан байна. Мөн Жастин Капла орчуулагчийн тоог нэмэх хүсэлт тавьжээ. Эдгээр хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хурлыг энэ сарын 28-ныг хүртэл хойшлууллаа.

2015 оны нэгдүгээр сарын 16. Жастин Каплад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр “Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Каплад холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл хийлээ.

Жастин Капла /Justin Kapla/ нь “Саусгоби сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа санхүүгийн ерөнхий менежер нь байсан, Филиппиний иргэн Хиларион В.Кажукомтай хамтран компанийн 2011 оны санхүүгийн тайланг гаргахдаа Татварын ерөнхий хуулиудын тодорхой заалтуудыг зөрчин, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг бууруулж 90,021,466,300 /ерэн тэрбум, хорин нэгэн сая дөрвөн зуун жаран зургаан мянга гурван зуу/ төгрөгийн орлогод ногдох, 17,441,383,600 /арван долоон тэрбум, дөрвөн зуун дөчин нэгэн сая, гурван зуун наян гурван мянга, зургаан зуун/ төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон болохыг хууль хяналтын байгууллагаас тогтоожээ. Иймээс Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ