Ц.Мөнхбаярыг суллахыг Ерөнхийлөгчөөс хүснэ

УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Улс төр, эдийн засгийн нөхцөл байдал тэр дундаа намрын чуулганы төгсгөлд батлагдсан хуулиуд өнөөгийн тулгамдаад байгаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад үр дүн өгөх эсэх дээр тэд эргэлзэж байгаа гэлээ. Мөн С.Баярцогт гишүүнийг огцруулах санал дэмжигдээгүй зэрэг асуудлаар тэд байр сууриа илэрхийлсэн юм. Тэд С.Баярцогт гишүүний асуудлыг дахин өргөн барих болсноо мэдэгдлээ.

Битүүний өдөр Ашигт малтмалын хууль, урт нэртэй хууль, С.Баярцогт гишүүнийг огцруулах тухай асуудал гээд олон чухал асуудлыг УИХ хэлэлцэж шийдвэрлэсэн. Энэ өдөр баталсан Ашигт малтмалын хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэд үзэж байна. Тиймээс холбогдох үндэслэлүүдийг нь гаргаж Үндсэн хуулийн цэцэд хандах юм байна. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн гадаадын иргэдэд уучлал үзүүлсэн. Тэгвэл Ц.Мөнхбаярт уучлал үзүүлээч, суллаач ээ гэдэг хүсэлтийг тавьлаа. Түүний хувьд улсад учруулсан хохирол байхгүй тул нааштай хариу өгнө хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Тэд эдгээр болон өөр хэд хэдэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандахаар төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ