Сая төгрөгөөр оройн зоог барьдаг эрхмүүдэд

УИХ-ын гишүүн Г.Уянга өчигдөр цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн баримт дэлгэлээ. Тэрбээр Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалын тушаалаар нэр бүхий хүмүүст 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон баримтыг дэлгэсэн байна.

Тодруулбал, Г.Уянга гишүүн өөрийн цахим хуудаснаа “Монгол банкны ерөнхийлөгчийн тушаалаар С.Болдод 180 сая төгрөгийн буцалтгүй тусламж, Д.Чимэд-Юндэнд 90 сая, Х.Дэлгэр, Д.Ганбат нарт 139 сая 500 мянга......гэх мэтээр зөвхөн ганц хуудас баримтаас харахад 3 тэрбум 700 сая төгрөгийн буцалтгүй тусламж шилжүүлсэн баримт. Мөн гэрээ дүгнэсэн актын дагуу 10 сэтгүүлчийн Сөүл явах томилолтын урьдчилгаа.....гэх мэт....” хэмээн бичжээ.

Түүнчлэн, тэрбээр энэхүү баримтуудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчид албан тоот явуулсан байна.

Харин энэхүү буцалтгүй тусламж авсан хүмүүсийн хувьд хаана ямар ажил эрхэлдэг болох нь тодорхойгүй. Чухам яагаад энэ олон хүнд их хэмжээний буцалтгүй тусламж олгосон нь олны анхаарлыг татаад байна. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Уянга удахгүй мэдээлэл хийх юм байна.

Энэ баримтуудад итгэвээс төрийн мөнгийг хувийн банкны эзэн шиг баруун солгойгүй цацсан гэмээр. Хувийн хэвшлийн банкуудад ч ажилчдаа ингэж хавтгайруулан мөнгө тараадаг үзэгдэл байхгүй гэж болно. Тиймээс төрийн мөнгийг, тэр тусмаа Монгол улсын мөнгө санхүүгийн гол авдрын түлхүүрийг гартаа атгаж суугаа хүн ийм үйлдэл хийнэ гэхэд эмгэнэх ч багадмаар. Энэ үйлдлээ тайлбарлахыг Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас олон нийт, байгууллагууд шаардаж эхэлсэн бөгөөд эдгээр хүмүүст юуны учир их хэмжээний буцалтгүй тусламж олгосноо тайлбарлах ёстой болж байх шиг байна.

Баримтуудаас ажиглавал нээрэн л орон сууцны урьдчилгаа мөнгө, орон сууцны буцалтгүй тусламжаас өгсүүлээд, оройн зоогийн төлбөр (оройн зоогийн төлбөрт л гэхэд 1 сая 187 мянга 500-н төгрөг) гэх мэтчилэн эгдүүцмээр зардлуудыг эзэн хаан мэт л цацаж орхисон байх.

Өмнө нь Г.Уянга гишүүн Монголбанкны талаар чуулганы хуралдааны индэр дээрээс "Ард түмний амьдралд валютын ханш бодитой сөрөг нөлөө үзүүлсэн нь Монголбанкны алдаа. Монголбанкны нэг гол үүрэг валютын ханшийг тогтвортой барих. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байна. Нөгөөтэйгүүр арилжааны банкууд, Монголбанкны хооронд ямар нэгэн хувилдаан байгаа юм биш үү гэсэн бодитой хардлагыг төрүүлэх нь бий. Харин ханш ингэж хэлбэлзэж байгаа нь гарцаагүй Монголбанкны алдаа. Тиймээс Монголбанкны ерөнхийлөгчид заавал хариуцлага тооцох ёстой гэж бодож байна" хэмээн нэг бус удаа Монголбанкны үйл ажиллагааг шүүмжилж байсан юм.

Ер нь Монголбанк хангалттай ажлаа хийж чадахгүй байгаа нь үнэн. Долларын ханш тэнгэрт тултал өсөж байхад Монголбанкны зүгээс хийж буй ажил ч хомсхон. Тийм байтал ядаж төрийн мөнгийг арвижуулж өсгөх, долларын ханшийг тогтворжуулж чаддаггүй юмаа гэхэд оргүй хоосонд цацаж суухаа болимоор.

Монголбанкны зүгээс энэ асуудалтай холбоотойгоор тайлбар хийнэ гэж найдаж байна.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ