Өнөөдөр Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт болно

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Цэрэг, улс төрийн тусгай мөрдлөгийн дүрмийн асуудлаарх Азийн бүс нутгийн бага хурал өнөөдөр болно. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, /ЕАБХАБ/-ын цэрэг-улс төрийн чиглэлийн гол байгууллагын нэг бол зэвсэглэлд тавих хяналт, итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалт юм.
АБХАЧУ-ын үйл ажиллагааг оролцогч орнууд дөрөв дөрвөн сараар ээлжлэн даргалдаг. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны чуулга уулзалтыг 2015 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарын хугацаанд даргалж байгаа юм. АБХАЧУ-ыг даргалах үеэр ЕАБХАБ-ын Мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх төвтэй хамтран 2015 оны 3 дугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд Цэрэг - улс төрийн мөрдлөгийн дүрэм /OSCE Code of Conduct/-ийн асуудлаар Азийн бүс нутгийн бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа нь энэ юм. Тус бага хурлын зорилго нь ЕАБХАБ-ын Цэрэг, улс төрийн ёс зүйн дүрмийн талаар ЕАБХАБ-ын гишүүн Төв Ази /Кыргыз, Казахстан, Тажикистан, Түркменистан, Узбекистан/-ийн болон Азийн түнш орнууд /Япон, БНСУ, Тайланд, Афганистан, Австрали/-ын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэгдэх юм.
Түүнчлэн бага хуралд ЕАБХАБ-ын Ардчилсан байгуулал, хүний эрхийн алба /Варшав хотноо төвтэй/, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей /Копенгаген хотноо төвтэй/, Олон улсын судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, ТББ-ын төлөөлөл оролцоно.
Бага хурлын үеэр аюулгүй байдал, зэвсэгт хүчинд тавих ардчилсан хяналт, олон улсын хүмүүнлэгийн эрх зүй, зэвсэгт хүчний албан хаагчдын хүний эрх зэрэг асуудлаар оролцогч улс орнууд өөрсдийн туршлага, үйл ажиллагааны талаар санал солилцож, мэдээлэл хийнэ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ