З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт шаардлага хүргүүллээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус холбоог төлөөлж тэргүүн Т.Хасбаатар болон Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар уг хэвлэлийн хуралд оролцсон юм. Хэвлэлийн хурлын гол зорилго нь "Тусгаар тогтнолын ордон"-г барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг МАН-аар эргэн төлүүлэхийг шаардаж буй юм байна. Мөн дээр дурдагдсан мөнгийг улсын төсөвт төлөхгүй бол МАН-ын улс төрийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдлээ. Энэхүү шаардлагаа УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт албан ёсоор хүргүүлж байгаа юм байна.

Уг шаардлагад:

1. Монгол Ардын намын төв байр Тусгаар тогтнолын ордныг барихад зарцуулагдсан хууль бус 11 тэрбум төгрөгийг эргэн төлүүлэх асуудлыг2015 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр гэхэд УИХ, Засгийн газар авч хэлэлцэхийг УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нараас шаардаж байна.
2. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлсэн МАН-ын “Тусгаар тогтнолын ордон”-г барихад улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг төсөвт буцаан төвлөрүүлэхгүй бол тус намын улс төрийн үйл ажиллагааг зогсоож, 2016 оны Улсын Их Хурал, орон нутгийн сонгуульд оролцуулахгүйг мэдэгдье” гэжээ.

Улс төрийн намын хуулинд улс төрийн намын байрыг татвар төлөгчдийн буюу улсын төсвөөр барина гэдэг зүйл заалт байдаггүй юм байна. Тиймээс энэ хууль бусаар баригдсан барилгыг ядаж номын сан болгож ашиглах хэрэгтэй хэмээн тэд үзэж байгаа юм. Үүний тулд шат дараалсан арга хэмжээнүүдийг авах болно гэдгээ илэрхийллээ. Мөн МАН-ын 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцуулахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ