Ч.Сайханбилэг рүү сонгуулийн популизм чиглэлээ

Хавар болж Дүнжингаравын унаач хүүхдүүдийн хавирга нэвт салхилах хавсаргатай зэрэгцэн улс төрийн синдром хаа сайгүй хөдөлж иргэдийн толгойд элдэв пиарын хавсарга илгээж байна. Сонгуулийн өмнөх хаврын синдром тул барагтай дуугарч харагддаггүй гишүүд хүртэл амь орж төр засгийн ажил ярьсан шиг телевизийн дэлгэц бөглөж суудаг болж.

Зарим нэг нь эртнээс өрсөлдөгчөө намнах арга барилыг илүүд үзэж хувь хувьсгалын ажилтай холбож холион бантан гүйлгэнэ. Нэг тийм жишээ саяхны өдрүүдэд гарсныг энд цухас дурдая. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гэр бүлийнхээ компанид уул уурхайн орд газруудыг авч өгүүлэхийн тулд 75 байтугай 750 гишүүний толгойг ч эргүүлж дөнгөх хэмжээний ажил үүргийг хангалттай гүйцэтгэж суудаг хүн.

Тэгвэл тэрээр гэнэтхэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад арга хэмжээ авахыг хүссэн албан бичиг илгээсэн байна. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ өгөх, бодлогыг шинэчлэн боловсруулж хаврын чуулганы хугацаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан байгуулсан байна.

Мэргэжлийн Байнгын хороонд ажиллаж үзээгүй тэрээр өргөдөл, бичиг цаас төдийхнөөр алба залгуулдаг гишүүн тул гэнэтхэн уул уурхай сонирхохоо больж хөдөө аж ахуйд анхаарч эхэлсэн нь цаанаа учиртай гэдгийг хэн мэдэх билээ. Тиймдээ ч тэрээр “бодлогыг шинэчлэн боловсруулах” ажлын хэсгийнхээ үүргийг бодож бодож хүн рүү чиглүүлсэн нь энэ аж.

Мань эр ирэх сонгуульд хаалтгүй гарна гэж үздэг Дорнод аймагтаа АН-аас өрсөлдөх магадлалтай гишүүдийг намная гэж шийджээ.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа магад 2016 оны сонгуульд Дорнод аймгаас нэр дэвших бололтой гэсэн цуу үг сонсогдох болсон нь Нямтайширын хүүг ихэд цочоож ийн улсын алба залгуулдаг хүний дүрд тоглож эхэлжээ.

Дээрх “урт нэртэй” ажлын хэсгийг байгуулж хоёрдугаар сарын 24-нд хуралдуулж бодлогын баримт бичигт дүн шинжилгээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд удирдамж болгон өгөхөөр болжээ.

Ингээд үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн дэд ажлын хэсэгт үүрэг даалгавар өгч биелэлтийг гуравдугаар сарын 6-нд товлосон ажлын хэсгийн хуралдаанаар сонсож хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Гэтэл уг хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөллүүд ирээд байхад л "Яамны ажилд битгий садаа бол, би яамны мэргэжилтнүүдээ наад ажлын хэсэгт чинь явуулахгүй" гэж мэдэгдсэн хэмээн хэвлэлээр тарааж улмаар Ерөнхий сайдад өргөх бичиг барьж сүржигнэсэн нь энэ аж. Ажил ихтэй сайд хүн ундууцсан нь ортой л байх.

Энэ нь үнэхээр төрийн ажлын цаг нарыг ягштал баримталж хэвшсэн хүний үйлдэл гэж үнэмшихэд тун хэцүү. Н.Номтойбаярыг хэзээдээ ингэж төрийн ажилд төмбөгөр, хууль ёсонд ёмбогор гэж ханддаг болов хэмээн бишгүй л олон хүн гайхаж суугаа гэнэ. Үнэн хэрэгтээ хаа байсан ирэх жилийн сонгуулийн сургаар л хаврын синдром нь хөдөлсөн хүний хийж байгаа ажил гэнэ.

Одоо Дорнод аймагт нэр дэвших хүн нэрээ чамгүй сайн нууцлахгүй бол Н.Номтойбаяр гишүүний зуултад өртөж тун магадгүй болтой. Эцэст нь мөнөөх гишүүнийг айлгасан Р.Бурмаа сайд юун сонгууль санаанд орох нь бүү хэл тариаланчид, үйлдвэрчдийнхээ учрыг олох гэж тархиа гашилган харайлгаж яваа сурагтай. Хаврын синдром оо гэж, Ерөнхий сайд руу хүртэл сонгуулийн популизм төрийн албаар дамжин чиглэж эхэллээ.

Х.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ