“Чингис” бондын 1,5 тэрбумаас 347 сая ам.доллар үлджээ

Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хороо парламентад суудалтай намуудаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр ирүүлсэн материалтай танилцаж шалгаадАН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж,МАН-аас нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, МАХН-аас нэр дэвшигч Нацагийн Удвал нарыг бүртгэсэн тухай шийдвэр гаргаж, батламж гардуулав.
Мөн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ИЗНН, МҮАН дэмжиж, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох Хамтын ажиллагааны гэрээнд АН-ын дарга Н.Алтанхуяг, ИЗНН-ын дарга С.Оюун, МҮАН-ын дарга М.Энхсайхан нар гарын үсэг зурлаа. АН, ИЗНН-ын гэрээний зорилгод “Бид Монгол орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдалд дүгнэлт хийж, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ардчилсан ёс, түүний үнэт зүйлсийг хамгаалан баталгаажуулахыг эрхэмлэн, улс орны хөгжлийн баттай суурийг тавихыг эрхэмлэн, улс орны тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон ногоон үзэл баримтлалыг нийгмийн бүх шатанд хэрэгжүүлэхийг эрхэмлэн, нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан энэхүү гэрээг тунхаглаж байна” гэжээ. Харин АН, МҮАН-ын гэрээнд “Нийгэмд шударга шүүхийн тогтолцоог бүрдүүлэхийг чухалчлан, улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, улс орны тогтвортой хөгжлийг төгөлдөржүүлж, ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг тэгш хамгаалсан, үндэсний эрх ашгийг тууштай эрхэмлэгч ардчилсан Ерөнхийлөгчийг дахин сонгохыг эрхэм зорилгоо гэж тунхаглаж байна” гэсэн байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсаас гадаад орнуудад суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй цахим уулзалт хийлээ. Анх удаа зохион байгуулж буй энэ уулзалтад Монгол Улсыг төлөөлөн суугаа 39 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд нэг цагт, нэг дор холбогдож харилцан мэдээлэл солилцсон юм. Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жэчи, “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якунин, БНТУ-ын Их хурлын дэд дарга Садик Якут нар манай улсад айлчилсан.
Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд лхагва гаригт сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийж хэвшсэн бол өнгөрсөн долоо хоногоос пүрэв гариг бүр “Ерөнхий сайдын 30 минут” гэсэн нэртэй ярилцлага хийдэг болж байна. Мөн даваа гариг бүрийн 17 цагаас Ерөнхий сайдын өрөөнд бүтээн байгуулалт, хөгжлийн асуудлаар хаана, юу саатаж байгаа талаар шуурхай ярилцаж гарц хайх юм байна.
Төрийн ордонд Монгол Улсын төрийн тэргүүний санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хамтран зохион байгуулж, “Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний хоёрдугаар чуулган боллоо. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиуд хэрэгжиж эхэлж байгаа үеийн энэ чуулганаар 12 үндсэн илтгэл, 12 шүүмжлэл сонсч, олон хүн санал бодлоо илэрхийлжээ. Тэдгээрээс шүүхийн шинэчлэл, авлига, хууль сахиулах, шүүхийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, иргэдийн эрх зүйн боловсролын асуудал анхаарал татаж байв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайдын “Чингис” бондын талаар хийсэн мэдээллийг эрхэм гишүүд идэвхтэй сонслоо. УИХ-ын 2012 оны “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” 52 дугаар тогтоолын дагуу 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр арилжиж, орлого нь арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монголбанк дахь Засгийн газрын дансанд оржээ. Уг орлогоос “Гудамж”, “Шинэ төмөр зам” төсөл болон аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар шийдвэрлэжээ. Мөн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноос, ноолуурын салбарын технологийн шинэчлэл, “Монгол ноосон даавуу”, “Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл” төсөл, Улаанбаатар хот орчимд 15 ферм байгуулах, өвлийн хүлэмжийн аж ахуйг дэмжих ажлыг санхүүжүүлнэ.
Хамгийн сүүлд иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг"Чингис” бондын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэрлэв. Тус үйлдвэр жилдээ 30 мянган шоо метр төмөр болон цул бетон эдлэл үйлдвэрлэх, 2000 тн арматурт бетон боловсруулахаас 200 гаруй нэр төрлийн төмөр бетон эдлэл үйлдвэрлэж байна. Ингээд “Чингис” бондын мөнгөнөөс 347 сая ам.доллар үлдэж байгаа ажээ.
Манай улсын хүн амын 33,8 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг учраас шинэчлэлийн Засгийн газар залуучуудын асуудлыг онцгойлон авч үзэж, сүүлийн 20 жилд анх удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд Залуучуудын хөгжлийн асуудал хариуцсан бие даасан хэлтэс байгуулан ажиллаж байгааг УИХ, Засгийн газрын гишүүн С.Эрдэнэ сэтгүүлчдэд дуулгав.
Засгийн газрын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш бэлтгэдэг их, дээд сургуульд элсэгчдийн сурлагын чанар тааруу, элсэлийн оноо дутуу байдаг дутагдал газар авчээ. Иймээсбагшийн мэргэжил эзэмшээд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн нөхцөлтэйгээр багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд орж байгаа хүнэлсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлөх юм байна. Мөн элсэгчдийн 10-аас доошгүй хувийг эрэгтэй байлгах чиглэл баримтлах ажээ. Одоогийн байдлаар МУБИС-ийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховдын их сургуульд 18 мэргэжлээр, Дорнодындээд сургуульд долоон мэргэжлээр багш бэлтгэж байна.
Мөн сумдын хөгжлийн загвар боловсруулах ажлын хэсгийг Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатараар ахлуулан байгуулж, дипломат албан паспорттой иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Перу болон Кувейт улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Манай улсын дипломат, албан паспорт эзэмшигчид 17 оронд визгүй зорчдог. Баригдаж дуусаагүй орон сууцны барилгуудыг гүйцээхийн тулд Засгийн газар Монголбанктай хамтран барилгын компаниудад 380 тэрбум төгрөгийн хөнгөлөлтттэй зээл олгож эхэллээ.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ариунсанг томиллоо. Б.Ариунсан нь Улсын халамжийн газрын дарга, Татварын ерөнхий газрын дэд дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд, Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм. Мөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Тоймч
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ