Гишүүдэд хариуцлага тооцох хуулийн төслийг боловсруулж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, тус байнгын хорооны гишүүн Ж.Батзандан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэдэнд иргэд сонгогчдоос гишүүдтэй холбоотой ялангуяа хуралдаа суудаггүй гишүүнд хариуцлага тооцох тухай санал хүсэлт цөөнгүй ирэх болжээ. Иймд Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж эргүүлэн татах, Захиргааны хариуцлагын тухай хуульд тусгай бүлэг болгон оруулах зэргээр эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хурлаа тасалсан гишүүнд тасалсан минутынх нь тооогоор мөнгөн торгууль ногдуулах гэхчлэн Монголын төрийг хариуцлага, ёс зүйтэй байхыг шаардаж буй хэд хэдэн хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байгаа хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдэгдлээ.
Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хуралд 1366 өргөдөл ирүүлсний 14 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, харин 86 хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байжээ. Тайлангийн хугацаанд тус хороо 3434 иргэний өргөдлийг багцлан хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэснээс 506 хүсэлт буюу 37 хувийг нь судлан шууд хариу өгсөн бол 272 хүсэлт буюу 20 хувийг нь харьяаллын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар нийт 778 өргөдлийг эцэслэн шийдвэрлэж, 596 өргөдөл шийдвэрлэгдэх шатанд буюу хяналтын хугацаанд байгаа аж.
Тус байнгын хороо нь хаврын чуулганаас өмнө тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна. Нийт өргөдлийг судлан үзэхэд, хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хөдөлмөр эрхлэгчдийн нөхөн олговор болон тэтгэврийн зээлийн хүүгийн асуудал голлох байрыг эзэлж байгаа ажээ.
Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааг Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргасан боловч төлбөр нь төлөгдөөгүй тул буцаан эзэмших хүсэлт гаргасан иргэдийн асуудлыг шийдвэрлэж Байнгын хорооны тогтоол баталсан бөгөөд уг тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувьцааны эдийн засгийн үр өгөөжийг хүртэх боломж бүрдүүлсэн зохицуулалтыг Тавантолгой ордын хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ, хэлэлцээрт тусгах чиглэлийг Засгийн газарт өгсөн байна.
Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн эхнэр нөхөр, үр хүүхэд болох 78-92 насны 400 орчим иргэнээс ирүүлсэн 29 өргөдлийг хорооны гишүүд судалж байгаа бөгөөд тэдний хүсэлтийг хянан шийдвэрлэх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнээс гадна нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р дунд сургуулийн барилгад өргөтгөл хийх асуудлаар сурагчдын эцэг эхчүүдээс ирүүлсэн өргөдөлтэй холбоотой 1,3 тэрбум төгрөг төсөвт тусгуулсан зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэнэ.
Байнгын хорооны даргын мэдээллийн дараа тус хорооны гишүүн Ж.Батзандан ярихдаа:
- Дээр дурдсан асуудлуудаас гадна Өргөдлийн байнгын хороонд өөр олон асуудлаар иргэд санал хүсэлтээ ирүүлдэг тул хорооны гишүүд тухай тухайн чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Жишээ нь, 1990-ээд оны эхээр иргэдээс авдаг болсон ҮОНРТВ-ийн хураамжийг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж өргөн бариад байгаа. Төсвөөс 7 тэрбум төгрөг авдаг атлаа иргэдээс ийнхүү хураамж авдаг нь шударга бус хэрэг гэж үзэж байгаа тул үүнийг таслан зогсоох асуудал Улсын Их Хурал дээр дэмжлэг авна гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Ю.Халиун
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ