Инээдмийн баярт улстөрчид дуртай

Жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний өдөр инээдмийн баярын өдөр хэмээн монголчууд биесээ хууран хөгжилдөж, хошин шогийн хамтлагууд чамгүй орлоготой ажилладаг.
Энэ өдөр хамгийн түрүүнд монголчуудын санаанд орох асуудал бол уг нь "улстөрчдийн дөрвөн сарын 01" байх ёстой юм.
Учир юунд вэ гэвээс биднийг энэ өдөр хамгийн их баясгаж, тэмдэглэлт өдрийг маань утга төгөлдөр болгох хүмүүс тэд билээ.
АН, МАН, МАХН-ынхнаар гол цөмөө бүрдүүлсэн тэд л тархиныхаа байдгийг шавхаж дөрвөн жилийн турш инээдмийн баярыг үр дүнтэй тэмдэглэх талаас нь бодож боловсруулсан төлөвлөгөөгөө сонгуулиар нэг танилцуулдаг. Оюуны гайхалтай хөдөлмөр шүү. Хуучны таван жилийн төлөвлөгөөнөөс ч айхтар нарийн гээд бод доо.
Та ирэх дөрвөн жилд хэн нэгэнтэй гэрлэсэн бол төд, дундаасаа хүүхэд гарвал төд, гарсан хүүхэд чинь өсөөд оюутан болвол Кембриж, Харвард, Оксфордод сурснаас ялгаагүй түвшний боловсролыг монголдоо олгоно бас болоогүй оюутан болсныг нь үнэлээд төдөн мянган төгрөг, төгсөөд төрийн албанд ажилд орвол орон сууцаа авахад нь төд, төрд ажиллахгүй байлаа ч ажилгүйдлийг төдөн хувь бууруулж тэдэн зуун мянгаар ажлын байрыг нэмэгдүүлэх тул таны болоод үр хүүхдийн тань амьдрал арабын шах шиг болгодоггүймаа гэхэд скандинавын хойгийн орнуудын иргэд шиг болгоно гэх мэтээр тэдний амлалт сонгуулийн жилд бурхдын хишиг мэт л урсана.
За энэ бол ердөө л инээдмийн баярт бэлдсэн тэдний хөтөлбөрийн нэг хэсэг нь л гэж байгаа. Ингэж хуурснаа тэд дөрөвдүгээр сарын 01 болгонд "дөрвөн сарын нэгээн" гээд л хуурч баярлуулна даа.
Монголын ард түмэн ч гэнэн итгэмтгий, Баабарын онолдсоноор хууртаж ханадаггүй тул сонгуулиас сонгуульд нэг хууртсан улстөрч, улс төрийн хүчинд дахин хууртахдаа ч сайн.
Нөгөө хөхүүл эхийн горьдоог гаргахад дахин хуурдаг шиг. Хуурах гэж байгаа гэж мэдсээр байж хууртаад горьдоо нь гардаг эх шиг л хүмүүс дээ манай сонгогчид.
Тиймээс л дөрөвдүгээр сарын 01-ний төлөө, ард түмнээ хуурч тоглохоор, горьдоог нь гаргаж дахин дахин хуурахаар хамаг бүхнээ зориулдаг улстөрчиддөө баярлаж явмаар даа.
Тиймээс та саналаа хэн гэдэг улстөрчид өгсөн, тойргоос тань хэн гарсан билээ, таныг яаж хуурч баярлуулсан тухай захидлаа илгээгээрэй. Бид таны захидлыг "Гишүүндээ захидал бичээрэй" уралдаанд оролцуулж дүгнэх болноо.
Н.Умард

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ