Тэд хэний төлөө ажиллаад байна вэ

Манай эрх мэдэлтнүүд ард иргэдийнхээ итгэлийг өдрөөс өдөрт алдсаар байх уу. Дээд, доодгүй бухимдалт автаж, хаана, юу болоод байгаа учир зүйгээ олохоо байлаа. Орон нутгийн захиргааны байгууллагынхан нам намаараа талцан, иргэд ард түмнээ ялгаварладаг гэх мэдээлэл цөөнгүй бий. Наад зах нь засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо болон ИНХ-ынхан олон нийтийнхээ төлөө ажиллаж чадаж байгаа эсэхэд хүмүүс эргэлзэх болсон. Зарим газар намаараа талцах бус нам дотроо хагаралдан өрсөлдөх байдал ажиглагдах боллоо.

Энд нэгэн жишээ татъя. Хорооны Засаг дарга, цагдаа, өрхийн эмнэлэг ИНХ-аар үйл ажиллагааныхаа болон хийсэн ажлынхаа тайланг тавьж, иргэд үнэлэлт, дүгнэлт өгдөг. Гэвч энэхүү хурал хэр шударга болдог вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Тухайлбал, БЗД-ийн нэгэн хорооны ИНХ-д ажилгагчаар сууж үзлээ. Тэнд мөн ажиглагчаар тус дүүргийн “Шинэчлэлийн хороо”-ноос хүмүүс ажиллаж байв.

Ингээд хурлыг ИНХ-ын тэргүүлэгч удирдан зохион байгуулахаар боллоо. Хурлын дэгийг ч хэлэлцэн тохиролцов. Энд нэгэн зүйлийг онцлон хэлэхэд, тухайн хурлыг зохион байгуулагчид болон дүүргийн ИНХ-ын төлөөлөгч болон бусад удирдлагууд санал асуулгын хайрцгийг энд авчирсан нь сонирхол татаж байлаа. Ажиглагчдын хэлснээр уг хайрцгийг хуралд авчрах ёсгүй аж. Үүнээс болж иргэдийн дунд ч ямар нэгэн хардлага бий болсон юм. Учир нь хурлын төгсгөлд Засаг дарга, цагдаа, өрхийн эмнэлгийнхний ажлыг дүгнэхдээ тэд нууцаар санал хураалт зарлахаар төлөвлөсөн байжээ. Гэвч иргэдийн төлөөлөл үүнийг эсэргүүцэн шударга зарчмаар ил тод санал хураая гэсний дагуу дээрх цэнхэр хайрцагны ид шид гарсангүй. Ид шид гэхийн учир нь иргэд тухайн хайрцаг дотор урьдчилан тэмдэглэгээ хийсэн саналын хуудсууд байж магад хэмээн ярилцаж байсан нь чих дэлссэн юм.

Мэдээж хурлын дундуур маргаан, зөрчилтэй саналууд багагүй гарсан бөгөөд тухай бүрт хурлын дэгийг өөрчлөх санал гарч байлаа. Тухайлбал, тус хорооны ИНХ-ын дэд дарга болон дүүргийн ИТХ-ын ажлын тайланг сонсох хүсэлт иргэдийн зүгээс гарсан боловч тэд бэлдээгүй гэх шалтгаанаар тайлангаа тавьсангүй. Хийсэн зүйлээ цээжээрээ ярьж чадахгүй байгаа тэднийг үнэхээр юм хийсэн гэж итгэхэд бэрх. Тэгэхэд хорооных нь цагдаа огт бичиг цаас харалгүйгээр өөрийнхөө ажлаа маш тодорхой бөгөөд товч тайлагнав. Энэ бол энгийн харьцуулалт.

Мөн энд саналаа хэлсэн иргэдийн овог, нэр, утасны дугаар зэрэг мэдээллийг заавал тэмдэглэж авна гэдгийг хурал удирдагчид сануулсаар байсан юм. Энд нэгэн зүйл ажиглагдсан нь, хорооны үйл ажиллагааг дүүргийн иргэдийн хурал, ИНХ-ынхан нь тэр бүр дэмжиж ажилладаггүй болох нь анзаарагдлаа. Энэ нь юунаас харагдаж байна вэ гэхээр хорооны дарга нь тайлангаа тавьж байх үед байн байн дундуур нь тасалдуулах, улмаар “дуусах болоогүй юм уу, одоо дуусга” гэхчилэн таслан зогсоох оролдлогыг хэд хэдэн удаа хийв. Ажлаа тайлагнах зорилготой энэ хурлыг ямар зорилгоор тасалдуулах гээд байгаа нь тодорхойгүй байсан юм. Хурал удирдагчид энэ хурлын төгсгөлийг үзэх гэж ихэд яарч байгаа нь илт байлаа. Хурлын төгсгөлд тэд урьдчилан бэлдэж ирсэн саналын хуудсыг иргэдэд тараахыг хүссэн боловч иргэд үүнийг эсэргүүцэн илээр санал хураалт хийхийг шаардаж санал хураалт явагдлаа. Энэ мэтчилэн олон асуудал хөндөгдсөн хурал багагүй шуугиантай болж өнгөрөв. Ийнхүү тус хорооны болон өрхийн эмнэлэг, цагдаагийн үйл ажиллагааг иргэдийн 90 хувийн саналаар “хангалттай” гэж дүгнэснээр хурал өндөрлөв.

Иймэрхүү дүр зураг ганц энд болсон юм биш. Бид бараг өдөр тутам нутгийн захиргааны удирдлагуудын хоорондын үл ойлголцол, шударга бус үйл хэргийн талаар цөөнгүй мэдээлэл авсаар байгаа. Тэгэхээр удирдах түвшний албан тушаалтнууд нь шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байвал ард түмний амьдрал яаж өөдлөх билээ. Энэ томчуудын тоглоомонд ард түмэн чинь үрэгдэж дууслаа. Нийгэм, улс төрд ер нь юу болоод байна даа.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ