Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ард түмэндээ хандан үг хэллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөнгөж сая МҮОНТ-ээр ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрээр маргааш эхлэх УИХ-ын хаврын чуулганы "битүүний өдөр" хэмээн онцолж цаг үеийн асуудлаар үг хэлсэн бөгөөд Тавантолгойн төслийн хэлэлцээр зарчмын үндсэн тохиролцоондоо амжилттай хүрснийг зарлалаа.
Тэрээр үгийнхээ эхэнд "одоо бид юу хийх вэ үргэлжлүүлээд өлсөх үү, жагсах уу, Засгаа огцруулах уу, Их хурлаа тараах уу, одоо эргэн тойрноо нэг анзаарцгаая" хэмээгээд өвөлжингөө хаваржингаа улстөр хийж, жагсаж цуглаж байгааг дурдлаа.
"Өнөөдөр Тавантолгойн хэлэлцээр хамгийн төгсгөлийн шатандаа ороод дуусаж байна. Тавантолгой төслийн их бүтээн байгуулалт зургаан жил цаасан дээр байсан бол одоо бодит бүтээн байгуулалтаа эхлэхээр, Монгол Улс хүндрэлээс гарах үүц нээгдлээ" хэмээн Тавантолгойн хэлэлцээр үндсэн тохиролцоондоо хүрсэн тухай албан ёсоор зарласан бол Ноён уулыг ухаж хөндөхгүй, харин Гацууртын ордыг ашиглана гэдгийг давтан хэлсэн юм.
Мөн Ерөнхий сайдын үгэнд анхаарал татсан асуудал байсан нь V цахилгаан станцын төсөл юм. "Оюутолгой, Тавантолгойн төслийг гацаанаас гаргасан тул одоо Засгийн газар бусад томоохон төслүүдээ хөдөлгөнө. Үүний нэг нь V цахилгаан станцын төсөл. Хэрэв энэ дөрөвдүгээр сард багтаж тус станцын ажлыг хөдөлгөж эхлэхгүй бол нэг талаас хариуцсан яам, тамгын газруудын ажилтнуудыг ажлаас нь чөлөөлнө" гэдгээ мэдэгдэв.
Тэрээр үгийнхээ төгсгөлд Засгийн газар богино хугацаанд багагүй зүйл хийж амжуулсныг онцлоод "цагаан пи ар"-ын гэгээн сарыг зохион байгуулахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн сүлжээнийхнээс уриаллаа.
Д.Уянга
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ