УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганд өнөөдөр /2015.04.06/ 67 гишүүн ирж, 88.2 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганы нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм.

Монгол Улсын Yндсэн Хуулийн 33 дугаар зvйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож болно” хэмээн заасан байдаг.Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ дагуу чуулганы нээлт болон бусад хуралдаанд тааллаараа оролцдог тул ийнхүү хаврын чуулганы нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээн хэлсэн үгэндээ, 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдлээ гээд, өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй асуудал хүлээгдэж байнахэмээн онцолсон.

Мөн тэрбээр, “Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан, “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална” гэж хэлсэн үгэндээ дурдлаа.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаад Улсын Их Хуралд олон арван гомдол санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлээд Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож буйгаа ч дуулгасан.

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийг www.parliament.mn, open.parliament.mn цахим хуудсанд бүрэн эхээр нь нийтэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ