Пропорциональ уу мажоритар уу

Хаврын чуулган эхлээд удаагүй байна. Чуулганаар хэлэлцэх хуулиудын дунд ид олны анхааралд байгаа Тавантолгойн төслөөс авахуулаад биднээс илүүтэй улстөрчдийн сонирхлыг татаж байгаа, магад ч үгүй тэдний ирээдүйг шийдэх нэгэн хууль дуншиж байгаа нь Сонгуулийн тухай хууль. Тодруулбал бид жил гаруйн дараа парламентын сонгуулиа явуулахдаа пропорциональ буюу одоогийн холимог тогтолцоог сонгох уу, мажоритар тогтолцоог сонгон багасгасан 76 тойрогт хуваагдах уу гэдгийг энэ хаврын чуулганаар эцэслэх учиртай.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ж.Батзандан гишүүнээр ахлуулан ажиллаж байгаа. Ардчилсан нам пропорциональ тогтолцоогоо хэвээр хадгалах, тэр бүү хэл хувь нэмэх талд зогсож байгаа бол МАН нэг мандат-нэг тойрог гэсэн мажоритар хэлбэрт орохоор зүтгэж байгаа. Ч.Сайханбилэгийн Шийдлийн засгийн газарт МАН хамтарч орохдоо Н.Алтанхуягийн дэгдээсэн гал хөсийг унтраах нэг тохироо нь ч энэ байсан гэх. Ямар нэг байдлаар одоо байгаа пропорционалиас, автомат хар хайрцагнаас татгалзах.
Ядаж л автомат машинаар саналын хуудсыг тоолсон ч давхар гараар тооллого хийж баталгаажуулна үгүй бол үгүй хэмээх байр суурин дээр МАН хатуу зогсож байгаа нөхцөлд дээрх хуулиудын хувь заяа хэрхэх нь сонирхолтой.
Сонгуулийн хуулиа яаж ч өөрчилсөн ард түмэн хөгийн улстөрчдөд хулхидуулах нь хэвээр л үлдэнээ гэх үзэл бодолтой нэг хэсэг байх олон гэх мэтээр нийгмийн хандлага хоёр гурван хэсэгт хуваагдаад байгаа.
Ерөнхийдөө эндээс ирэх жил болох сонгуульдаа монголчууд одооноос орчихжээ гэж хэлж болохуйц байгаад байна. Улстөрчид, намууд ч иргэд ч тэр улстөржиж эхэлж.
Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг зарчмын ямар ямар тохироонд хүрснийг тодруулая. 2012 оны сонгуулийн холимог тогтолцоогоо хэвээр хадгалж, 28 хүнийг намын жагсаалтаар, 48 нэр дэвшигчийг тойргоос сонгоё. Ингэхдээ намын жагсаалтаар нэр дэвшигчийг намын даргын үзэмжээр жагсаасан урьдын алдааг давтах ёсгүй, үүнийг ил тод болгоё.
Сонгуулийг бага зардлаар зохион байгуулъя, санхүүжилтийг нь ил тод болгоё, сонгуулийн маргааныг 45-60 хоногт багтаан шийдвэрлэе гэсэн зарчмын шийдэлд хүрсэн байна. Мөн “Давхар дээл”-ийн асуудлыг дээрх хуулиар эцэслэж, горилогчдод сонголт өгөх нь. Энэ нь нэг бол УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлнэ, эс бөгөөс намаа сонгуульд ялсных нь дараа сайд болно гэсэн сонголт хийж, үлдэх гэсэн хувилбар аж.
Сонгуулийн нэгдсэн хуулиар орон нутгийн сонгуулийг хуульчилж өгөх юм. Ингэхдээ УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна. Орон нутгийн сонгуулийн нэг онцлог нь Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг 100 хувь тойрогт өрсөлдүүлж, сонгох зарчим барьжээ.
Гэвч УИХ-аар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэх шатанд ажлын хэсгээс оруулж ирсэн дээрх санал бүгд ногоон гэрлээр дэмжлэг хүлээж, батлагдах найдвар хомс. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг 2016 оны УИХ-ын сонгуулийг 76 тойрогт хувааж, цэвэр мажоритар тогтолцоогоор зохион байгуулах байр суурь барьж байгааг дээр дурдсан. Тиймээс МАН-ынхан хэдийгээр засагт эвсээд байгаа ч алс ирээдүйг нь шийдэх ийм юман дээр өөрсдийнхөөрөө зүтгэж гэдийх нь тодорхой.
Энэ хуулийн тухай намуудын дарга нар юу гэж хэлсэн тухай тодруулая.
УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболд "48:28 хэвээрээ байна байх. 48 нь нэг мандаттай тойргоос сонгогдоно. Ийм хувилбар батлагдах магадлал өндөртэй. МАН жижиг 76 гээд байгаа. Тэр батлагдахгүй бизээ. Энэ бол холбирдог тогтолцоо. 2000 онд нийт сонгогчдын 51 хувийн саналаар МАХН 76 суудлын 72-ыг авч байлаа шүү дээ.
49 хувийн санал авсан хэсэг нь дөрөвхөн суудалтай байж болохгүй л дээ. Ялимгүй цөөхөн саналаар илүү нь л ялагч болоод явчихдаг АНУ, Англи маягийн ийм тогтолцоонд хэтэрхий савалт үүсээд байгаа тул Монголын нөхцөлд тохирохгүй нь харагдсан. Тиймээс холимог тогтолцоотой байя гэж байгаа юм" гэсэн.
Тэгвэл УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд "Монгол Улс шиг өргөн уудам нутагтай, иргэд нь тархан суурьшсан ийм оронд, монгол хүний зан сэтгэхүйд нийцсэн зөв хувилбар нь мажоритар систем. Бид мажоритар системд тулгуурласан бодлогуудыг 2016 онд явагдах Сонгуулийн тухай хуулиндаа тусгах ёстой.
Ганц МАН үүнийг хүсээд байгаа юм уу гэхээр бас тийм биш. Хөдөө орон нутгаар иргэдтэй уулзаж байхад ард түмэн “Нүүрээ авч ирж харуулсан, хийх ажлаа танилцуулсан хийсэн, өрсөлдөөд гарсан хүн нь УИХ-д суудаг зарчмаараа яваа л гэж байна" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Мажоритар уу, пропорциональ уу. Уншигч, сонгогч таны бодлоор аль нь дээр вэ?
Х.Цахилгаан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ