Ц.Элбэгдорж: Иргэнээ түшиж хөгжинө гэж намууд ч гэсэн ярьдаг

Түүхэнд анх удаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын хуралдаанаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлангаа тавьлаа. Түүний их хуралд танилцуулсан үйл ажиллагааны тайланг товч хүргэе. Энэхүү ажлын тайлан нь есөн чиглэлийг хамарч буй юм байна.
1/Ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн эхний өдрөө Ерөнхийлөгчийн албан өрөөг иргэний танхим болгох санаачлагаас эхэлсэн. Ер нь манай төрийн ордонд өмнө нь иргэдийг хүлээж авах хоёр жижиг өрөө байдаг байлаа. Иргэдээ цуглуулаад хэлэлцэх асуудлаа ярилцдаг газар байгаагүй. Иргэнээ төвдөө тавъя. Иргэнээ түшиж хөгжинө гэж намууд ч гэсэн ярьдаг. Тиймээс шийдэх гэж буй асуудалдаа иргэнээ оролцуулах хэрэгтэй. Иргэний танхим 2009 оны 12 сард нээгдсэнээс хойш 450 гаруй хэлэлцүүлэг уулзалт болсон. Би үүний 17-д нь өөрийн биеэр оролцсон. Өнөөдөр хөдөө орон нутаг дахь бүх засаг захиргааны нэгжүүд иргэний танхимтай болсон. Энэ бол бидний хийх ёстой бодлого гэж бодож байгаа. Шууд ардчилал, төлөөллийн ардчиллыг бий болгох суурийг тавьсан. Одоо энэ тогтолцоог иргэний оролцоогоор баяжуулж, улс орныг иргэний санаачлагаар хэрхэн яаж авч явах вэ гэдэг бодлогыг гаргах ёстой.
2/Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн цэргийн чиглэл. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг 2010 онд УИХ-д өргөн мэдүүлж, батлуулжээ. Мөн Үндэсний аюулгүй байдлын сэдвээр УИХ-д гурван удаа хаалттай мэдээллийг хийж байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-ийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрдүүлдэг. Үүнээс гадна ҮАБЗ гэж байдаг. ҮАБЗ-ийн хурал хийхээс гадна тогтмол уулзалт хийдэг болсон. ҮАБЗ-ийн гишүүн байсан улсуудаар өргөтгөж, хуралдаан хийж, санал бодлыг нь сонсдог. Цаг үеийн тулгамдсан асуудлаар хяналт тавьдаг ажил эрчимтэй хийгдэж байгаа. Жишээлбэл газар хөдлөлт, халдварт өвчин, цацрагийн аюулгүй байдал зэргээр шийдвэр гаргуулж, хяналт тавьдаг. Цэрэгжсэн байгууллагууд маш сайн ажиллаж байгаа. Зэвсэгт хүчний ажлаас танилцуулахад энхийг сахиулах үйл ажиллагаа, хааны эрэлд цэргийн сургуулилалт зэргийг нэрлэж болно. Би өөрийн биеэр энхийг сахиулагчдын хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай очиж танилцсан. Төрийн цэргийн бодлогын хүрээнд хийгдсэн зарим цэргийн бодлогууд иргэдээс дэмжлэг авч байгаа. Цэргийн их сургууль дээр Тэмүүжин гэдэг цэргийн хүүхдийн сургууль байгуулсан. Хүүхдийг багаас нь цэргийн эрдэмд сургаж эхэлсэн. Мөн ҮАЗ хууль тогтоомж Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд 200 гаруй зөвлөмж, 126 удаа тэмдэглэл гарсан ийм байдалтай байна. Монгол төрийн бодлого уялдаатай явах хэрэгтэй.
3/ Хууль шударга ёсыг бэхжүүлэх хуулийн засаглалтай улс болох чиглэлээр.
Шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна. Шүүх байгууллага ил тод хяналттай хариуцлагатай болох эхлэл тавигдсан. Шүүгч болох, ажиллах үйл ажиллагаа илүү нээлттэй, өрсөлдөөнтэй болсон.Шүүгч Нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон. Ард иргэдэд хамгийн их очиж байгаа үйлчилгээ бол эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ. Мөн Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс гэсэн зөвлөгөөнөөр маш чухал ач холбогдолтой 6 хуулийг батлуулсан.
Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон.
Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой монголын ард түмэн байнга тулгарах болно. Хүн бүр хуулиар тэгш эрхтэй гэж хэлсэн мөртлөө албан тушаалтнуудад илүү үйлчилдэг юм шиг жишиг дэлгэрсэн байсан. Үүнийг л арилгах гэж хичээж байна.
Энэ сэдвээр онцолж хэлэх гэсэн зүйл нь шилэн дансны хууль юм. Хариуцлагатай ил тод байлгах нь чухал гэж үзсэн. Мөнгөний зарцуулалт ил тод байвал төлөвлөлт нь ил тод болно. Одоо би нэг үр дүн хүлээж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн шилэн дансны хуулийг зөрчлөө гэж хариуцлага хүлээвэл би энэ хуулийг үр дүнтэй сайн хууль боллоо гэж үзэх болно.
Хууль дуудахад ирдэггүй байсан этгээд байсан. Хуулиас ядарсан иргэд зугтдаггүй юм. Задарсан этгээдүүд зугтдаг. Авилгалтай тэмцэнэ гэвэл нөлөөтэй, мөнгөтэй бүлэглэлтэй тэмцэх хэрэг гарна. Сүүлийн үед олон янзын яриа гараад байгаа. Энэ байдалд цэг тавьж арай чадаагүй ч гэсэн намайг ажиглаж байгаа гэж авилгалчид эмээдэг болсон.
Сүүлийн дөрвөн жилд авилгалын индексээр 40 байраар урагшилсан. Энэ бол хангалттай байр биш. Бид цаашдаа үүнийг урагшлуулахын тулд ажиллах ёстой.
4/ Монгол, Монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого
Эдийн засгийн үйл ажиллагааг хавар болгон хийдэг болсон. Бизнесийн байгууллагын төлөөлөгчидтэй уулздаг болсон.
Бизнес эрхлэгчдээс гарч буй ажил хэрэгч саналуудыг дэмжиж өрсөлдөх чадварын судалгааг 14 оронтой харьцуулдаг байсан бол энэ оноос эхлээд 60 оронтой харьцуулж гаргах гэж байна. Монгол улс өрсөлдөх чадвартай байвал Монгол хүн өрсөлдөх чадвартай байна гэж ойлгож болно. Өнөөдөр авьяастай мэдлэгтэй шинэ үе гарч ирж байна. Үүнийг ашиглаад үйлдвэржилт рүү орох ёстой. Бүтээн байгуулалтын дээд шагналыг олгож бүтээгчдээ урамшууладаг болсон. Бид энэ чиглэлд юугаараа бусдаас ялгарах вэ гэвэл бүтээлч хамтач хариуцлагын тогтолцоогоороо л ялгарах ёстой.
5/ Хүрээлэн байгаа орчин байгальд ээлтэй хөгжлийн чиглэлээр
Монгол улс байгаль орчин ногоон хөгжлийн чиглэлээр санал санаачлагаас хоцорч болохгүй. 2009 онд болсон НҮБ-ын уур амьсгалын чиглэлээр болсон уулзалтад бид оролцож энэ үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Засгийн газар санаж байвал Өмнөговь аймагт очиж элсэн цөлд хуралдаж байсан. Дэлхий дээр гурван онцгой газар хуралдсан засгийн газар байдаг тэрний нэг нь Монгол улс.
Ирээдүйд хүн төрөлхтний хамгийн том асуудал бол ус. Дэлхийн эдийн засгийн чуулган гэж байдаг. Тэнд бид өөрсдийн оролцдог нэрийн үйл ажиллагаатай болсон. Байгаль орчны чиглэлээр хийгдэж буй дараагийн ажил нь сэргээгдэх эрчим хүчний боломж юм. Бид говьд байгаа эрчим хүчээ ашиглаж чадвал Ази, Номхон далайн эрчим хүчийг хангах боломжтой. Дотоодод хийгдэж буй ажлаас дурдвал, мод тарих, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх зарлиг, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтыг цэгцлэх зэрэг ажлуудыг хийж байна. Тодорхой хугацаанд тусгай зөвшөөрлийг олохгүй байх шийдвэр гарсан. Өнгөрсөн дөрвөн жилд нийт газар нутгийн 45 хувь нь хайгуулын лицензтэй байсныг 9 хувь болтол буулгаж чадсан.
6/ Монгол хүн монголын түүх, соёл, ёс заншлаа дэмжин түгээх чиглэлээр.
Монгол улс бол олон үндэстэн ястнууд оршдог улс. Би монголын түүх урт удаан уламжлалтай гэдэгт итгэдэг. Бид арван жил тутамд тулгар төрийн ойг өргөн дэлгэр ард нийтээр тэмдэглэж явъя гэж тогтсон. Дээрээс нь бид 2011 онд Монгол улс нэгэн түүхэн ойг сэргээсэн. Тодруулбал жил бүрийн 12 дугаар сарын 29-ны өдөр эрх чөлөө тусгаар тогтнолоо олсон өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болгосон.
Өөр нэг хийсэн ажил нь 2012 оноос эхлэн их эзэн хааны мэндэлсэн өдрийг Монголын бахархалын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. 2011 оноос эхлэх ерөнхий боловсролын бүх сургуульд монголчуудынхаа уламжлалт ёслол, арга хэлбэрийн талаар хичээл ордог болсон. Дараа нь бидний түүх соёлын амь нь монгол бичиг юм. Төрийн баримт бичиг монгол бичгээр давхар бичигдэж эхэлсэн. Эх түүхийн бичгийг сэргээх санаачлага гаргасан.
Монголын уламжлалт язгуур урлаг гайхамшигтай. Жил бүр язгуур урлагын тоглолтыг уламжлал болгон хэвшлүүлсэн. Монгол судлалыг дэмжих нь бодлогыг дэмжих нь хамгийн чухал учраас Монгол судлалын санг байгуулсан.
7/ Гадаад бодлого, Монгол улсын нэр хүндийг олон улсын төвшинд өргөх чиглэлээр
Гадаад бодлого болон дотоод бодлого нэг зоосны хоёр тал. Бид аль ч талд нь онцгой анхаарах ёстой. Энэ бодлогод би хоёр үндсэн зорилго тавьсан. Монголын олон улс дахь байр суурийг нэмэгдүүлэх, Монголын өнөөдөр, өнгөрсөн, ирээдүйг эерэгээр бодитоор нь ойлгуулах гэсэн зүйлийг хийж ирлээ. Монголын гадаад бодлого холоос эхэлдэггүй юм. Хаяанаасаа эхэлдэг учиртай. Хөрштэйгөө сайн харилцаж чаддаг улс бусад улстай сайхан харилцаанд хүрч чадна.
Манай улсаас гаргаж буй санал санаачлагуудад олон улс хүндэтгэлтэйгээр ханддаг боллоо. Урьд нь бид 140 оронтой дипломат харилцаатай байсан бол өнгөрсөн хугацаанд 50 оронтой дипломат харилцаа тогтоож, 198 оронтой дипломат харилцаатай боллоо.
8/Олон нийтээс гаргаж буй санал санаачлагыг хэрэгжүүлэх
Олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн тамирчдад насан туршид нь мөнгөн шагнал өгдөг болох шийдвэр гаргасан. Энэ санал санаачлыг манай ахмад тамирчид өөрсдөө санаачилсан юм. Энэ шагнал урамшуулалыг авч буй хүмүүс авсан шагналаараа сан байгуулаад залуу үеэ дэмжиж байна.
Дараагийн санаачлага нь олон эцэг эх, багш нараас санаачлага гарч байсан. Тиймээс жил бүрийн есдүгээр сарын нэгэнд Монгол Улсын Ерөнхийлөгч эхний цагийн хичээлийг орон даяар заадаг болсон.
Мөн олуулаа болох гэсэн санаачлага байсан гэдгийг хэлье гэж бодож байна. Гадаадад суугаа иргэдээ эх орондоо ирээч гэдэг саналыг би энэ индэр дээрээс хэлж байлаа. Энэ бол мэдээж их хуралд өргөн барьсан хүүхэд харах үйлчилгээний хуулиас эхлээд дэлхийн монгол хөтөлбөр хүртэл хамрагдана.
Дараагийнх нь оюутны тэтгэлэг байлаа. Монголоос гарсан оюуны өмчийг эргүүлэн авч ирдэг болсон. Түүнчлэн жуулчдыг татах чиглэлээр анхаарах шаардлагатай байна.
9/Цаашдаа хийх ажил
Нийт 40 хууль санаачилснаас 28 нь батлагдсан. 8 хууль буцаагдсан, 9 хууль хүлээгдэж байгаа. 30 гаруй хуулийн төслийг санаачилж үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжлүүлэхээр хичээж байна. УИХ-ын гаргасан шийдвэрт 5 удаа хориг тавьсан. Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгч ирсэн. Цаашдаа явуулж ирсэн бодлогоо улам эрчимжүүлнэ. Мөн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
Хуулийн төслүүдийн хувьд Үндсэн хуулинд хийсэн дордуулсан долоон өөрчлөлтийг сэргээх хэрэгтэй гэж үзэж байна. Мөн давхар дээлийн тухай хуулийг дахин өргөн барина. Иргэний оролцооны тухай хуулийг санаачилна, Орон нутгийн хөгжлийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, үр дүнг нь дээшлүүлнэ. Хүний эрхийн, Өмчийн эрхийн, Гэрээний эрхийн чиглэлээр хуулийн төслүүд санаачилна. Төрийн ажил үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлэх чиглэлээр хийх ажил их байна. Шинэчлэх шаардлагатай хэд хэдэн хууль байгаа. Тухайлбал, Аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор Тагнуулын байгууллагын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай зэрэг хуулийн төслүүдийг боловсруулж байна. Төрийн цэргийн бодлогыг өргөн барина, Дайчилгааны тухай хуулийг дурдаж болно.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нээлттэй, ардчилсан гэдэг имижээр 20 жил явсан, одоо хариуцлагатай улс гэдэг имиж бүрдүүлэх цаг нь болсон гэлээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ