З.Энхболд: Би жагсаалтад орохгүй, тойрогт өрсөлдөнө

Ардчилсан намын дарга З.Энхболд хэвлэлийнхэнтэй уулзаж, цаг үеийн олон асуудалд дэлгэрэнгүй хариулт өглөө.
Сэтгүүлчидтэй хийсэн “Зангиагүй уулзалт”-аар тэрээр Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн хууль, Намын санхүүжилтийн хууль болон, Ардчилсан намын дотоод асуудал болон Тавантолгойн төслөөр ямар байр суурь баримталж байгаагаа илэрхийлсэн юм.
Ингээд түүний хэлсэн үгнүүдээс товчлон сийрүүлснээ хүргэе.
Цаашид би фракцийн арга барилаар асуудалд хандахгүй
Ардчилсан намыг фракцигүй болгох ёстой гэдэг бол манай намын жирийн гишүүдийн хүсэлт, захиалга даалгавар. Өнөөдрийн болж байгаа үйл явдал Ардчилсан намыг фракцигүй байхаас өөр аргагүй нөхцөлд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, манай нам олон фракциасаа салж, Ардчилсан нам гэдэг нэг фракциар үйл ажиллагаа явуулах цаг болсон гэсэн үг. Ардчилсан нам төвдөө фракцийн гэх нэг хуваагдал байгаа. Энэ хуваагдал сүүлдээ орон нутагт халдварлаж байна. Тиймээс би Ардчилсан намд ийм хуваагдал байх ёсгүй гэж үзсэн учраас фракциудынхаа дарга нартай уулзаж манай намд нэг л фракци байх ёстой гэдгийг сануулсан. Тэр нь Ардчилсан нам гэх нэг фракци.
Цаашид миний хувьд фракцийн арга барилаар асуудалд хандахгүй. Жилийн дараа болох сонгуульд нэр дэвших 76 хүнийг ҮЗХ шийдэх ёстой. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг дэвшүүлэхгүй вэ гэдэг дээр би фракцийн зарчмыг баримтлахгүй. Намын жирийн гишүүдээс хамгийн олон санал авсан хүнийг аль фракци байх нь хамаагүй намын удирдлагуудаас дэмжих болно. Сонгуульд хамгийн их дэмжлэг авччадах хүмүүсээ бид сонгож өрсөлдүүлнэ.
Би нэр дэвшигчдээсээ мөнгө авдаг байдлыг тэглэнэ. Урьд нь Ардчилсан нам сонгуульд нэр дэвшиж байгаа нэг хүнээс 50 сая төгрөг авдаг байсан. Тэгвэл ирэх сонгуульд нэр дэвшигчдэдээ 50 сая төгрөгийг авахгүй, мөнгөө тойрогтоо л зарцуул гэсэн шаардлага тавина. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр билүү гурван тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх гэж тооцож байгаа.
Л.Гүндалай намайг сайд болгооч гэж орж ирсэн, ийм шантаажчингуудаар АН дутахгүй
Л.Гүндалай бол Ардчилсан намаасбайнга гарч л байдаг, орж л байдаг хүн. Миний мэдэхийн хоёр дахиа гарч, хоёр дахиа шинэ нам байгуулж байгаа хүн. Тиймээс Л.Гүндалай шиг хүнээр Ардчилсан нам дутахгүй. Гүндалай бол сайд болгоогүй учраас Ардчилсан намаас гарсан шүү дээ. Та нарт түүнийгээ тайлбарласан уу, үгүй юу. Намайг сайд болгооч гэж над дээр орж ирсэн. Хэрэв шинэ засагтаа сайд болгохгүй бол гараад нам байгууллаа гэсэн. Би чамайг сайд болгож чадахгүй, намаасаа гарна уу, байна уу, өөрөө мэд гэж хэлсэн. Ийм шантаажчингуудаар Ардчилсан нам дутахгүй ээ. Түүнээс өөр манай намаас нам байгуулна гэсэн хүнийг сонсоогүй.
Ч.Сайханбилэгийн санал асуулгын дүнд итгэхэд хэцүү
Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын мессежээр авсан санал асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг нь асуух нь өөрөө мөнгөний гарз юм даа. Үнэхээр санал асуулгад оролцогч утасныхаа номерыг хэлээд энэ асуудлаар би тийм санал бодолтой байна гэдгээ илэрхийлж байгаа бол өөр хэрэг. Гол нь мессежээр авч байгаа саналын ард хэн байгаа нь тодорхойгүй тохиолдолд энэ санал асуулгад би итгэхгүй байгаа юм.
Улстөржилтөөс эдийн засгаа хол байлгахын тулд Ерөнхий сайд болоогүй
Би яагаад Ерөнхий сайд болоогүй вэ гэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дунд Батцогт, Арвин, Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонхи, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй юм гэж үзсэн. Мөн улс төржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор аль нэг намын дарга бус хүнийг Ерөнхий сайдаар томилсон. Асуудалд улс төрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг.
Ард түмэнд 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш
Сонгуулийн тогтолцоог ард түмнээс асууя гэсэн тогтоолын төсөл өргөн барьсан байна. Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Монголын ард түмэнд жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Тэгвэл зургаан тэрбум төгрөг хаанаас олох юм. Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хууль байна. Харин тойргоо жижигрүүлэх үү томруулах уу гэж асуудаг нь мөнгөний гарз. Түүний оронд сонгуульдаа шударга оролцдог, бага мөнгө зарцуулдаг ийм асуудлаар уралдахаас бус сонгуулийн тогтолцоо амин чухал асуудал биш. Тиймээс Ардын намын өргөн барьсан хуулийн төслийг Ардчилсан нам дэмжихгүй.
Сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн Чинзоригийнх биш
Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны тухай хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болонгуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн Чинзоригийнх биш. Манай намынхан ч ийм. Өмнөх Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Төрийн нарийнтайгаа хэл амаа ололцож чадаагүйгээс ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий.Гэхдээ тэр нь Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. Төрийн албаны сонгон шалгаруулалт зарлаад энэ асуудлыг шийдвэл өөр хэрэг.Түүнээс нэг үүрэг гүйцэтгэгчийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээр сольж болохгүй.МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдгийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.
Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр, сахилга батаа барих ёстой, амбицаа дарах ёстой
Дөрөвдүгээр сарын 7-нд баярын хурлын үеэр хэдэн хүн “Зургаан жил хаасан намынхаа хаалга, цонхыг онгойлго, бид ормоор байна” гэсэн лоозон барьсан байсан. Тэднийг байж л байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. Тэр бол байдаг л, хэвийн зүйл. Тэр залуустай Эрхэмбаяр генсек уулзсан. Ер нь, намын тухай хуулиар нэлээн олон асуудлыг бүх намд адилхан үүрэг болгох гээд байгаа юм. Тэгэхгүйгээр бид ҮЗХ-ны 228 хүн дотроос УИХ-д нэр дэвшүүлнэ гэвэл ялалт бол харагдахгүй. Миний хувьд лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж ярилцаад, тохироод, гар бариад л гарсан. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. Тэр хүнийг “Баянхонгор аймагт Ганбат, Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал болсон. 35 гишүүний тойрогт намын дотоод сонгууль зарлахгүй гэсэн үг. Тэгж хэлэхэд “За ойлголоо” гэсэн. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа.Баянхонгор аймагт очоод Баттулга, Ганбат гишүүнээс илүү рейтингтэй би нэр дэвшинэ гээд явж байгаа нөхөр. Энэ мэтчлэн намын доторхи сахилга батаа барих л ёстой. Ийм амбицаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй. Энэ мэтээс болоод АН хагарч байна гэсэн яриа гараад байгаа.
Би жагсаалтад орохгүй, аль нэг тойрог руу явна
Одооирэх сонгуульд манай намын зүгээс гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй гэсэн дүрэм баримтална. Бусад намууд яахыг мэдэхгүй.Мөн жагсаалтад нэг хүн давтах орохоо больё. Жишээлбэл, би жагсаалтад орохгүй. Аль нэг тойрог руу явах нь тодорхой болж байгаа юм.Ийм маягаар жагсаалтаа хариуцлагатай болбол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Нөгөө атаархал байхгүй болно. Жагсаалтад ормоор байгаа бол дор хаяж нэг удаа парламентын гишүүнээр ажилласан байх ёстой. УИХ-д нэр дэвшмээр байгаа бол дор хаяж сумын ИТХ-д гарч ирсэн байх ёстой.Ингэжшат дамжлагатай явахгүй болохоор Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга шиг нөхөр гарч ирээдшууд УИХ-ын гишүүн болно гэж мөрөөдөөд байж болохгүй. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй. Энэ бол АН-ын дарга Энхболдын шалгуур биш. Ямар ч байсан ард түмний сонголтоор ороод дараагийн шатанд явна.
Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Бид дотроо ийм бодлого явуулах гэж байгаа. Ерөнхий сайд Сайханбилэг, АН-ын дарга Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Бат-Үүл, Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрахыг зөвшөөрөхгүй.
Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна
УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Тавантолгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Тавантолгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай рояалти авахаар тусгасан байна лээ. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон байсан. Тавантолгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шенхуа” –д очихоор 30 жил дээр нэмээд 20+20 гээд нийт 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Тавантолгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3, 4 хувь болохоор гэрээнүүд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу ч орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал бол чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй юм.
М.Энхсайханы байгуулсан баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хуульзүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээний хувилбарыг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Энэ хоёр гэрээг харьцуулаад харах хэрэгтэй. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.
УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ