Долоон хаус, Таван толгой

УИХ-ын гишүүн Г.Уянгын дэлгэсэн баримтуудыг үгүйсгэж, солиороогүй гэдгээ Ерөнхий сайд асан С.Баяр хэвлэлээр дамжуулан илэрхийлжээ. Мөн ойрын хугацаанд эх орондоо ирж энэ асуудлаар олон нийтэд хандана гэдгээ ч дамжуулж.
Ерөнхий сайд асан С.Баяр солиороогүй, нэг газар долоон хаус аваагүй, бүр АНУ-д юмуу ямар нэг улс гүрэнд эзэмшдэг хаус нэг ч үгүй юм бол өнгөрсөн долоо хоногт олныг шуугиулсан материал хэний шидсэн ямар зорилготой чулуу юм бол? Мэдээж хэрэг хэн нэг улстөрчийн нууц хур хөрөнгийг дэлгэх гэж санаархаагүй нь лав. Яаж ч бодсон Тавантолгойтой холбогдох учиртай. Энэ бол Оюутолгойн сануулга юм.
Тэгвэл Тавантолгойн төсөл хөдлөх гэж амь тэмцэн тэмүүлж байх энэ мөчид С.Баярыг төдийгүй мега төслүүдийн гэрээн дээр ажилласан улстөрчдийг ардаа асар их хөрөнгө нуусан байдлаар харагдуулах нь хэний зорилго байсан бэ?
Ерөнхий сайд ард түмэндээ хандаж Тавантолгойн зарчмын бүх тохиролцоо дуусаж ойрын хугацаанд олон улсад албан ёсоор зарлана гэдгээ мэдэгдсэн тэр ням гариг, маргааш нь хаврын чуулганы нээлт дээр УИХ-ын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлж гэрээг үзэглэхийг зогсоосон тэр даваа гаригаас хойш өрнөсөн энэ бүх явдлын ард мэдээж хэрэг хэн нэгний ашиг сонирхол байх нь дамжиггүй.
Гэхдээ Тавантолгойг хөдөлгөх гэж яарч буй ерөнхий сайд ч тэр, ард түмний эрх ашигт нийцүүлж УИХ-аар хэлэлцүүлэн хууль ёсоор эхлүүлэхийг шаардсан спикер ч тэр асуудлын гол дүрд тоглож байгаа нь тэд л болохоос ард нь ашиг сонирхлоо уралдуулж байгаа гадаад дотоодын улс төр, бизнесийн бүлэглэлүүд хүчтэй өрсөлдөж байгаа нь нууц биш.
Тиймээс Ерөнхий сайд асан С.Баярын фотошоп дээр бэлтгэгдсэн зургаар дамжуулан Тавантолгой руу шидсэн чулуу Ч.Сайханбилэг, З.Энхболд, М.Энхсайхан гурвыг адилхан онилсоныг бид харж байна.
УИХ, Засгийн газрын "хэн нь том" бэ гэсэн хар муур ч улс төрд гүйж байна. Ерөөс Монголын улстөрчдийг талцан уралцуулж нэгийг нөгөөгөөр нь бариулах гэсэн санаа манай түүхэнд үргэлж л хар толбо үлдээсэн байдаг.
Тиймээс хэн нэгний гадаадад долоон хаустай эсэхийг шаардлагатай бол хууль хүчний байгууллага нь шалгаж хариуг нь олон нийтэд гаргах, ард түмний Таван толгойг харин УИХ-аараа оруулж хэлэлцүүлээд нийтийн эрх ашигт нийцүүлэн нэн даруй хөдөлгөх ийм хоёр шийдэл бидэнд хэрэгтэй байна.
Улсаа орхин харийг зорьсон нэг улстөрчийн нууж хаасан, эсхүл ор тас байхгүй долоон хаусын төлөө Монголын ард түмэн хохирч үлдэх нь байж боломгүй хэрэг.
Тавантолгойн асуудал хаврын энэ өдрүүдэд гол сэдэв байх нь нэгэнт тодорхой. Мөн долоон хаусын араас дахин юу ч гарч ирэхийг хэн мэдлээ. Ямар ч байсан залхмаар хэрүүл, эдийн засгийн цусгүй “дайн” чуулганы танхимд багахан нөлөөлөөсэй хэмээн олон нийт хүлээж байгаа.
Монголын төрийн хоёр том институцийг зөрчилдүүлж, энэ асуудлыг эвлэрэл, ойлголцлоор шийдвэрлэхээс өөр аргагүй байдалд хүргээд байгаа.Энэ утгаараа УИХ, Засгийн газрын "хэн нь илүү том" бэ гэдгийг харуулахаас илүү Монголын хөгжил, эдийн засгийн ирээдүйн тухай том асуудал хөндөгдөж буйг бид ойлгох ёстой юм.
Готовтой хамтрана уу, Шадавтай хамтрана уу хамгийн гол нь Монголын ард түмний эрх ашигт нийцүүлсэн, хууль ёсны хөрсөн дээр Тавантолгойн гэрээ буух ёстой.
Н.Умард

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ