Л.Гүндалай ерөнхийлөгчид өрсөлдөнө

Тавантолгойн гэрээ, С.Баярын хаусны хажуугаар Л.Гүндалайн нэр үе үе олны чихийг халууцуулах боллоо. Ардчилсан намаас гарч л байдаг орж л байдаг эрхэм 2005 онд "Ард түмний нам" байгуулж явсан бол 10 жилийн дараа "Ард түмнээ хайрлая" нэртэй намаар бидэнд бэлэг барьж байна.

Тэрээр ард түмний намаа хааш нь ч хийсэн юм чөтгөр бүү мэд ямартай ч нэг шат ахиж ард түмнээ хайрладаг нам нээхээр таваргаж явна. Тэгэхдээ бүр Орхон аймаг буюу Эрдэнэтээс ирэх сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хэвлэлээр зарлаад авсан.

Л.Гүндалай "Хөвсгөл аймагт миний нэр хүнд уначихаагүй байгаа учраас тэнд нэр дэвшиж болнол доо. Гэхдээ Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхноор нь Эрдэнэтийг сонгосон. Иргэдтэй уулзахад ойр, хүмүүс нь төвлөрсөн учраас тус аймгийг сонгосон. Тэр ч бүү хэл, би Эрдэнэтэд шилжээд оччихсон байгаа" гэснийг хөвсгөлчүүд юу гэж ойлгох нь сонирхолтой.

Төвөөс хол, зам нь бартаатай Хөвсгөл аймгийнхан ард түмний хүүгээ алдсандаа их л харамсаж байгаа болов уу гэмээр. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээллээр Л.Гүндалай намынхаа журмын нөхдөд их хурлын сонгуулийн дараа жил Ерөнхийлөгчид нэр дэвшихээ дуулгасан гэнэ. Хэрвээ ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялчихвал бид "ардчилсан" ерөнхийлөгчийн дараа "ард түмэндээ хайртай" ерөнхийлөгчтэй болох юм.

Өчигдөр З.Энхболд түүний талаар нэгэн таагүй үг унагасныг эс тооцвол Л.Гүндалай ч ард түмэнтэйгээ ойрхон улстөрч л дөө. З.Энхболд "Л.Гүндалай шиг хүнээр Ардчилсан нам дутахгүй. Гүндалай бол сайд болгоогүй учраас Ардчилсан намаас гарсан шүү дээ. Та нарт түүнийгээ тайлбарласан уу, үгүй юу. Намайг сайд болгооч гэж над дээр орж ирсэн. Хэрэв шинэ засагтаа сайд болгохгүй бол гараад нам байгууллаа гэсэн. Би чамайг сайд болгож чадахгүй, намаасаа гарна уу, байна уу, өөрөө мэд гэж хэлсэн. Ийм шантаажчингуудаар Ардчилсан нам дутахгүй ээ" хэмээн шулуухан хэлж орхисон.

Тэгвэл тэрээр сайд биш бүр улсын ерөнхийлөгч болохоор зориг шулуудсан бололтой.

З.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ