УИХ-ын дарга З.Энхболдод дэд ерөнхийлөгч Эдуард Освальд бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод ХБНГУ-ын Бундестагийн Дэд ерөнхийлөгч Эдуард Освальдбараалхав.
Их Хурлын дарга Бундестагийн Дэд ерөнхийлөгчийн айлчлал нь манай хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа өндөр түвшинд байдгийн нэг илэрхийлэл болохыг тэмдэглээд монголын талаас уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдийн бүрэлдхүүнд байгаа Өргөдлийн байнгын хорооны даргыг танилцуулахдаа тус хороог Бундестагаас жишээ авч энэ удаагийн УИХ-ын Байнгын хороодын бүтцэд шинээр оруулсныг онцоллоо. Мөн Өргөдлийн байнгын хорооны дарга нь УИХ дахь Монгол Германы Парламентын бүлгийг удирдан ажилладаг гэдгийг хэлэв.
Энэ 5-р сарын эхээр Улаанбаатар хотноо болсон “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол Германы засгийн газар хоорондын ажлын хэсгийн хоёрдугаар хуралдаан амжилттай болж, манай улс хүрэн нүүрснээс шингэн түлш гаргаж авах энэхүү том төслийг хэрэгжүүлбэл ойрын ирээдүйд гадаад улс орноос шатахуун, бензиний бүрэн хамаралтай байгаа байдлаас гарч чадах чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын дарга чухалчиллаа.
Саяхан хоёр тал “Дипломат паспорт эзэмшигч иргэд визийн шаардлагаас чөлөөлөгдөх хэлэлцээр”-т гарын үсэг зурж, иргэд харилцан визгүй зорчих эхлэлийг тавьсан нь манай хоёр орны харилцан итгэлцлийн илэрхийлэл болж байгаа юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж, Холбооны Канцлерийн дэмжсэнээр “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн дээд сургууль”-ийг Налайхад байгуулахаар яриа хэлцэл амжилттай хийгдэж байгааг Их Хурлын дарга мөн тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 2012 онд холимог системээр явуулахад Бундестагийн туршлагыг судалж, суралцсан зүйл их байсан гээд цаашид сонгуулийн энэ системийг улам боловсронгуй болгох тал дээр Германы талаас улам ихийг суралцах шаардлагатай байгаа. Түүнчлэн ардчилсан нийгмийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хөгжүүлэх боловсронгуй болгоход Германы талаас үзүүлсэн техникийн туслалцаа маш чухал үүрэгтэй байсныг УИХ-ын дарга чухалчилсан юм.
ХБНГУ-ын Бундестагийн Дэд ерөнхийлөгч Эдуард Освальд манай улс ардчилсан сонгуулийг явуулж ирсэн олон жилийн түүхэн туршлагатай орон. Харин бидний энэ туршлагаас та бүхэн суралцаж, өөрийн орны үржил шимтэй хөрсөнд амжилттай суулгаж чадсанд бид баяртай байна гээд ардчиллыг батжуулахад бүх үйл явц ард түмэнд ил тод, тэдний оролцоотой хийгдэх нь чухал байдаг гэв.
Мөн тэрээр мэргэжлийн боловсролын талаар чухалчлан ярихыг хүсэж байна гээд Герман улсын сүүлийн жилүүдийн туршлага дээд боловсролтой залуус улс эх оронд хэрэгтэй байдгын зэрэгцээ өндөр ур чадвартай, нарийн мэргэжлийн залуус бас хэрэгтэй болохыг ойлгож энэ чиглэлээр онол практикийг хослуулсан хоёр талт түншлэлийн харилцаан дээр тулгуурласан сургалтыг явуулж байгаа талаар яриад энэ туршлагаа хуваалцахыг хүсэж байна гэв.
2013 он бол Монгол Герман хоёр улсын харилцаанд онцлог жил гэдгийг ноён Эдуард Освальд ярианыхаа төгсгөлд тэмдэглэв. Учир нь энэ жил Монголд Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа бол Германд Бундестагийн сонгуулийн жил болж байгаа. Мөн энэ жил хоёр талын хамтын ажиллагааны 40 жилийн ой тохиож байгаа ажээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ