Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёр зүүн зүгийг барин довтолгов

-Долоо хоногийн улс төрийн тойм-

Өнгөрөгч долоо хоногт төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчид сурталчилгааныхаа мөрийг зүг зүгт гаргав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуулийн сурталчилгаагаа Дорнод аймгаас эхэлж, Чойбалсан хотод иргэд сонгогчидтой уулзахад аймгийн Засаг дарга Ц.Жанлав “Дарийн утаа үнэрлэсэн Чойбалсан хотыг баатар хотын хэмжээнд үнэлж, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм” хэмээн үнэлсэн юм. Мөн УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Элбэгдорж бол энэ цаг үеийн зөвшилцөл, хэлцэл, ойлголцлын эцэг мөн” гэсэн бол УИХ, Засгийн газрын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун “2009 онд Ц.Элбэгдорж даргыг дэмжсэн нь зөв байсныг өнгөрсөн дөрвөн жил баталлаа. Тэрээр сайн засаглал, шүүхийн хараат бус байдал авлигын эсрэг эр зоригтой, тууштай тэмцэж ирлээ” гэв. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, Дорнодод энэ жил 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 10 тэрбумыг ард түмэн та бүхэн мэдэж, шийдэх болсон. Ийм эрх мэдлийг та бүхэнд олгохын төлөө Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Өнөөдөр УИХ-ын чуулганаас илүүтэй Иргэдийн нийтийн хурал сонирхолтой болдог болсон. Цаашид ашигт малтмалыг ашиглах, ашиглахгүй эрхийг иргэдийн их хурлаараа та нар шийддэг болохын төлөө би ажиллах болно” хэмээн онцлов.

Дараа нь түүнийг Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад хүрэлцэн ирэхэд Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Зоригт болон нутгийн ард иргэд угтан авлаа. Аймгийн ард иргэдтэй Сүхбаатарын талбайд уулзан мэндчилж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, аймгийн Хөгжимт драмын театрт сонгогчидтойгоо уулзлаа. Тус аймгийн сонгогчдын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигчид итгэл үзүүлж, улсдаа хамгийн өндөр хувиар түүнийг дэмжсэн аймаг болно хэмээн амлаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ц.Элбэгдоржийг эх орныхоо хамгийн том боомт, импортын гол төв, Замын-Үүдэд дөрөө мултлахад урд хөршөөс барилгын материал, цемент ачиж ирсэн 800 гаруй машины бөөгнөрөл үүсч, Монголын хил давахаар ээлж дарааллаа хүлээн зогсч байв. Тэрээр холбогдох албаны хүмүүстэй уулзаж асуудлыг шийдэж, цаашид цемент ачсан машинуудыг нь тусгайлан хил нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм. Дорноговь аймагт жилд 40 тэрбум төгрөг төвлөрдөг бол, Замын-Үүд сумынх 100 тэрбум төгрөгт хүрдэг ажээ. Эдгээр хөрөнгө оруулалтаар 960, 928 хүүхдийн сургууль, цэцэрлэг барьж байгуулан, Замын-Үүд сумыг тойрч гарах хүнд даацын ачааны машины хурдны зам барих гээд томоохон бүтээн байгуулалтын ажлууд эхэлжээ.

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорноговь аймагт очиж, Хүүхдийн ордонд иргэд сонгогчидтой уулзахдаа тэдний тулгамдсан асуудлыг ярилцаж, аймаг орон нутгийн цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо. Төрийн тэргүүн хоёр жилийн өмнө Японд айлчлахдаа Засаг дарга П.Ганхуягийг дагуулж, тус улсын Шизуока мужтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж өгснөөр 200 залуу Японы их, дээд сургуульд суралцаж, тус улсын томоохон компаниудад мэргэжил дээшлүүлж байгаа ажээ. Мөн “Мянган хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 80 хүүхэд Японд аялжээ. Түүний дараагийн буудал Хэнтий аймгийн Бор-Өндөр сум байлаа.

Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ сурталчилгааныхаа нээлтийг Соёлын төв өргөөнд хийсний дараа Хэнтий аймгийг зорив. “Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” уриатай эрхэм гишүүн Хэрлэнмөрний уснаасмагнайдаа хүргэж, төрөлх Хан Хэнтий нутагтаа хөл тавихад нутгийн ард иргэд алдцэнхэрхадагбарин угтлаа. Мөн аваргыг ирэх сургаар зам тосч уулзахыг хүссэн хүмүүс морь, мотоцикл хөлөглөн иржээ. Нэр дэвшигч өөрийг нь УИХ-дгурвантаа сонгосон зон олондоохандан “Табүхний халуун сэтгэл, уухайн дуу намайг улам хүч оруулж, урам зориг өгч байна” гэлээ. Дараа нь дархан аварга зэргэлдээ Сүхбаатар аймгийг зорив.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал “Таван бодлого-Таван зорилт” дэвшүүлжээ. Юуны өмнө улс орны эдийн засгийн тусгаар тогтнолыг алдагдуулах аюул нүүрлэж, үндэсний дархлааг сулруулах аюулд хүргэж байна. Мөн үндэсний эв нэгдэлд аюул учирч, улмаар монгол хүн энх тунх байж, эсэн мэнд амьдрахад аюултай болжээ гээд эцэст ньхүний үндсэн эрхийг хангах шударга ёсыг тогтооход бодитой аюул нүүрлэсэн хэмээн үзжээ. Тэгээд эдгээр аюулыг нэн даруй засахгүй бол улс гэр маань орших уу, эс орших уу гэсэн салаа замын уулзварт тулж ирээд байна гэсэн юм. Нэр дэвшигч Н.Удвал сурталчилгааны нээлтээ “АСА” циркэд хийж, төрөлх Архангай нутгийн зүг хүлгийн жолоо залсан.

Ийнхүү нэр дэвшигчдийг орон нутагт ажиллах зуур АН-ын Сонгуулийн төв штабаас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа богино байгаа нь нэр дэвшигчид болон намуудын сонгуулийн штабт өндөр хариуцлага үүрүүлж байгаа. Гэтэл адилхан гараанаас өрсөлдөж байгаа нэр дэвшигчийнхээ эсрэг харлуулж харагдуулах гэсэн материалыг МАН-ын сонгуулийн штабаас цацаж байгаад эмзэглэж буйгаа илэрхийлэв. Тус штабаас нэр дэвшигчид болон намуудад хандан сонгуульд шударга өрсөлдөхийг уриаллаа.

Мөн СЕХ болон Дипломат төлөөлөгчийн газруудад байрлаж байгаа иргэдийн санал авах ажлын бэлтгэл хангах комиссоос гадаадын улс орнуудад оршин сууж буй Монгол Улсын иргэддээ хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалжээ. Сонгогчдын бүртгэл тавдугаар сарын 5-29-нд явагдаж, санал хураалтыг зургадугаар сарын 14, 15, 16-ны өдөр зохион байгуулах юм.

СЕХ-ны дарга Ч.Содномдорж сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ, НҮБ-ын бие даасан зөвлөх Пол Гуэрины тайланд 2012 оны сонгуулиуд нь шинэ хуулийн орчин, автоматжуулалт гээд сонгуулийн байгууллагын чадавхийг сорьсон сонгууль болж өнгөрсөн. Ерөнхийлөгчийн сонгуульд Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг хамт 500 орчим гадаадын ажиглагч оролцоно. Тэдний туслах, орчуулагчдыг оролцуулаад энэ тоо бараг хоёрдахин нэмэгдэх байх гэв. Сонгуулийн 1900 гаруй байранд сонгогчдын санал авна.

“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт Төрийн ордонд хоёр дахиа боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын иргэдээ сонсох “11 11” төвийг олон улсын шинжээчид үнэлж, эхний ээлжинд Малайзийн Засгийн газарт танилцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 21 аймагт ийм нээлттэй утас ажиллаж эхэлсэн. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, нийслэлийн удирдлагуудтендерийн дагуу худалдан авалт хийхдээ аль болох дотоодын бүтээгдэхүүнээ авч эхэлж байна. Монгол улс 2016 онд тандалт судалгаа, холбооны хиймэл дагуул хөөргөнө. Увс аймагт бензин 80 төгрөгөөр хямдарлаа. Ховд аймгийн удирдлагууд нутгийнхаа иргэдэд Хөшөөтийн уурхайн нүүрсийг нэг тн-ыг нь хоёр дахин хямдруулж 14 мянган төгрөгөөр өгч байна гэхчлэн өнгөрсөн долоо хоногт болсон зарим үйл явдлын талаар товч мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Монгол Улсын дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийн тухай, “Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Мөрдөх албаны тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийнтухай зэрэг 20 орчим асуудал хэлэлцлээ. Мөн Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталж, Монгол Улсын нутаг дэвсгэрт тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээ явуулах, түүнд хяналт тавих байгууллагуудын хооронд үүсэх харилцаа, хяналт тавих чиг үүргийн нарийвчилсан зохицуулалтыг тусгасан байна. АОХН-ийн Сайд нарын Бага хурлын дүнг сайшаажээ.

Өнгөрөгч долоо хоногт Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс(ЗГХК)-ын ХIII хуралдаан Бээжин хотноо боллоо. Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи, Бүх Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний хороооны дэд дарга, Хятадын Коммунист Намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Ван Зяруй нартай тус тус уулзав.

Гадаад харилцааны сайд Л.Болд УИХ-ын даргын урилгаар манай улсад айлчилж байгаа ХБНГУ-ын Бундестагийн Дэд ерөнхийлөгч Эдуард Освальд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр орны парламент болон парламентын бүтцийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж буйг санал нэгтэй тэмдэглээд эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Зам тээврийн сайд А.ГансүхХБНГУ-ын Лайпциг хотноо Олон улсын тээврийн форум 2013 –доролцов. “Тээврийг санхүүжүүлэх нь” гэсэнсэдвийн дор өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэлийн шинэ зарчмууд, хувийн хөрөнгө оруулалтыг татах ба дэмжих өвөрмөц аргууд, эдийн засаг, санхүүгийн тогтвортой, үр өгөөжтэй байдлыг хангах, төлөвлөлт ба зарцуулалтыг оновчтой хийх зэрэг асуудлаар ярилцжээ.

Х.Баатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ