МАХН-ын жагсаал ба нэг сэдэв хоёр өнцгөөс

Монголын хууль хяналтынхан “булшлагдлаа”

     Яг энэ өдрөөс нэг жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр баривчлагдаж, монголын төрд анх удаагаа экс ерөнхийлөгчөө цагдан хорьсон сонирхолтой бас содон хэрэг гарсан юм. Энэ өдөр монголын жирийн нэг өдөр байсан. Харин МАХН-ын гишүүд, дэмжигчдийн хувьд  хамгийн эмгэнэлтэй, хэзээ ч мартахгүй өдөр болон хувирсан.

Авлигатай тэмцэх газрын захиалгаар хууль хяналтын байгууллагын 600 гаруй бяр нь амтагдсан залуус хүч түрэмгийлэн босч, Н.Энхбаярыг хөлийг нь гозолзуулан, Цагдан хорих руу авч явсан.

Гэтэл тэдний эсрэг дуу хоолой, хүчээ нэгтгэсэн МАХН-ын гишүүд дэмжигчид монголын төрийн өмнө хүчин мөхөсдөж, ялагдал хүлээсэн. Угтаа бол ард түмэн нь төрөөс илүү хүчтэй гэгддэг ардчилсан ёс харин ч нэг эсрэгээрээ хэрэгжиж, ард түмэнд төр нь илүү хүчтэй гэдгээ мэдрүүлсэн.

Энэ өдөр ганц Монгол Улс төдийгүй дэлхий нийтийн анхаарал зөвхөн монгол руу чиглэж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнд үнэлэлт дүгнэлт өгч, өөр өөрсдийн байр сууринаас хандаж байлаа.

Тэрхүү түүхэн өдрийг өнөөдөр МАХН-ынхан “тэмдэглэж”, монголын төрд анхаарлын харангыг “дэлдлээ”. Орчин цагийн хэлмэгдүүлэлтийн нэг жилийн “ой” хэмээн тунхаглаж байгаа тэд монголын хууль хяналтын бүхий л байгууллагыг шар цэцгээр “булшилж”, эсэргүүлцлээ илэрхийллээ.

Энэ бол монгол төрийн хаврын синдромны үргэлжлэл боллоо. МАН-ынхан хаврын чуулганы нээлтийг синдромдож эхлүүлсэн бол МАХН-ынхан ийнхүү буухиаг үргэлжлүүллээ. Тэдний энэ синдром хаана хүрэхийг хэн ч хэлж мэдэхгүй. Магадгүй Н.Энхбаяр л байх.

Б.Тэмүүлэн

МАХН-ынхны ээлжит гашуудал

   МАХН-ынхнаас элдэв юм гарах юм. 1000 ээжийн өлсгөлөн, эхийн сүүгээрээ даллах аян, аавуудын өлсгөлөн гээд хүний санаанд багтамгүй зүйлсийг сэдэж гаргадаг улс. Гэтэл өнөөдөр тэд дахин “хачин” зүйл сэтгэжээ.

Тэдний өнөөдрийн үйлдэл “хуулийнхныг” булшлах байв. Учир нь хууль, шүүхийн байгууллага руу “шар цэцэг” шидэв. Тэдний хэлснээр бол “шар цэцэг” булшлах гэсэн утгатай.

Тэгэхээр МАХН-ынхны хувьд “хуулийнхан” булшлагдлаа. МАХН-ын дарга Н.Энхбаярыг ял сонссон өдрийн маргааш МАХН-ын дэмжигчид Сүхбаатар дүүргийн шүүхийг булшилж, ийнхүү “шар цэцэг” шидэж байсан билээ.

Хэдэн өвөө, эмээ нарыг цуглуулсан МАХН-ынхны үйлдэл заримдаа хэрээс хэтрэх юм. Тэднийг юу хийж байгаагаа өөрсдөө мэдэж байна уу гэж асуумаар санагдаж байна.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад учир гэж бий. Юм болгонд дугарч, болж өгвөл хууль шүүхийнхнийг элдвээр доромжилдог МАХН-ынхаан одоо боль. Яг үнэндээ та нар ард түмний төлөө дугараагүй. Нэг хүний эрх ашигийн төлөө л үхэн хатан зүтгэж байна. Та бүхэнд юу амласныг мэдэхгүй. Гэвч та бүхнээс болж, жагсаал цуглаан үнэгүйдэж байна. Эмх замбараагүй байдал үүсч байна.

Эцэстээ бүр “МАХН-ынхаан нэг ч гэсэн юмнаас дутаж үз” гэсэн брэнд үг ч гарлаа. Энэ бүхэнд та нар дүгнэлт хийж, шоугаа зогсоох цаг чинь болжээ.  

Б.Чимэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ