Стратегийн ордыг долоогоор нэмнэ

Өнгөрөгч долоо хоногийг монголчууд хүүхэд багачуудын инээд хөөр, цэцгэн дунд үдлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эх үрсийн баярыг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн нийслэлийн Багануур дүүргийн иргэн Ц.Дуламсүрэн, Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Бадамханд нарын эхчүүдийг “Алдарт эх” нэг, хоёрдугаар одонгоор шагнасныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордонд гардуулав. Одонгийн болзлыг зөөлрүүлснээс хойш гурван жилд 130 мянга гаруй эх энгэрээ мялаажээ.

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Байгалиар гоёдог миний гэр бүл” хүүхдийн зохиомжит хөтөлбөр Сүхбаатарын талбайд болж, Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Алтанхуяг гэр бүлийн хамт оролцлоо. Тэрээр Төрийн ордонд иргэд маань чөлөөтэй зочилдог болсны дээр өчигдрөөс ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээлттэй болголоо. Иймд бяцхан иргэд та бүхэн минь гэр бүлийнхэнтэйгээ очиж тоглоорой гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн ахмадуудтай уулзлаа. Тэрээрхоёр дахь удаагаа Ерөнхий сайд болохдоо Монголын түүхэнд анх удаа төрийн мөнгөний авдрыг дүүргэж төсөв ашигтай гарсан. Тэгэхэд тэр ашигтай гарсан мөнгөөр цалин, тэтгэврийг нэмсэн. Нэг дэх бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа Ерөнхийлөгч улс орноо боддог, бас улс төрөө боддог юм байна. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд улс орноо л бодно. УИХ, Засгийн газраа шахаж шаардаж, хамтарч ажилах болно гэв. Ахмадууд авлигагүй, архигүй нийгмийг цогцлоож, ахмад настан, өсвөр үеийн хүүхэд, нялхсын төлөө анхаарч халамжилдаг ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгохоо илэрхийлсэн юм.

Мөн МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг дэмжиж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбоо, Эрдэм судлалын төв, Ю.Цэдэнбалын академи, Монголын ахмад багш нарын холбоо, Хил хамгаалах байгууллагын ахмадын холбоо, Эмэгтэйчүүдийн “Амин хүч” төв, “Залуу эмэгтэйчүүд Монголын ирээдүй” ТББ, Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоо, “Гайхамшигт энэрэл” сан, Хүнс, барааны худалдаа эрхлэгчид, түрээслэгчдийн холбоо, Хүнс үйлдвэрлэгчид, мэргэжлийн тогоочдын холбоо, Автобус таксины жолоочдын холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциаци, Монголын “Харли” сонирхогчдын холбоо, “Хүүхэд залуучуудын оролцоог дэмжих хөгжлийн түүчээ” сан, Баян-Өлгий аймгийн оюутан залуучуудын “Эв нэгдэл, ирээдүй” холбоо, Орхон аймгийн оюутан залуучуудын холбоо, Налайх дүүргийн өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх төв зэрэг 17 төрийн бус байгууллага Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

СЕХ-ны хуралдаанаар сонгогчдын саналын хуудасны загварыг баталлаа. Саналын хуудас ньнэр дэвшигчийнгэрэл зураг, сонгогч саналаа хэрхэн тэмдэглэх тухай товч заавартай байхаас гадна нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэрийг жижиг үсгээр, өөрийн нэрийг том үсгээр, түүний арднэр дэвшүүлсэн намын нэрийг хаалтад бичиж, түүнчлэн нэр дэвшигчдийн нэрийг УИХ-д хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхлэн дараалуулж бичсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч буй иргэд анх удаа саналаа өгөх бөгөөд зургадугаар сарын 14-16-нд Дипломат төлөөлөгчийн газарт очиж энэхүү эрхээ эдэлнэ. , Одоогоор 6000 гаруй иргэн бүртгүүлжээ.

Энэ сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын 350 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийн эхний хэсэг Улаанбаатарт ирээд ажиллаж байна. ЕАБХАБ нь Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага юм. Гишүүн орнууд бүгд тэгш эрхтэйгээр оролцон улс төрийн зөвшилцөлд тулгуурласан шийдвэр гаргадаг онцлогтой.

Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид Сингапурт болж байгаа Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын “Шангри-Ла яриа хэлэлцээ-2013” дээд хэмжээний уулзалтад оролцож байна. Уулзалтын үеэр сайд Д.Бат-Эрдэнэ Канад, Сингапурын Батлан хамгаалахын сайд нартай уулзаж, хоёр орны энэ салбарын хамтын ажиллагаа, цаашдын төлвийн талаар санал солилцжээ. Канадын сайд Петер Маккэй Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь хамтын ажиллагааг шинэ түвшинд өргөжүүлэн хөгжүүлэх эрх зүйн үндэс суурийг тавьсан маш чухал ач холбогдолтой гэсэн бол Сингапурын сайд Энг Хэйн манай энхийг сахиулагчдын дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, улмаар батлан хамгаалах бодлогоо хэрэгжүүлж буй өвөрмөц загвар болж буйг ихэд сонирхжээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд Мадрид дахь өргөмжит консулаар нэрээ дэвшүүлсэн Адриана Поведатай танилцах уулзалт хийв. Хатагтай Адриана Поведа Монгол Улсыг сурталчилсан олон арга хэмжээ зохион байгуулж,ҮХААЯ, МҮХАҮТ зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулахаар бэлтгэж буйгаа хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хоёр төсөл, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүд Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төсөл, Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Мөрдөх албаны тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод тус тус өргөн барьсан юм. Хаврын чуулган өндөрлөх дөхөж байгаа учраас шинэ хуулийн төслүүд шил шилээ даран овоорч эхлэв.

2012 оны байдлаар Монгол Улсын ойн сан бүхий газар 18592,4 мян.га буюу нийт нутаг дэвсгэрийн 11,89 хувийг эзэлж, түүний 75,4 хувь нь шилмүүст, навчит ой, 24,6 хувь нь заган ой эзэлж байна. Сүүлийн 10 жилийн өөрчлөлтөөс үзэхэд ойгоор бүрхэгдээгүй талбай 434,9 мян.га талбайгаар нэмэгдэж, нэг ойн ургаа нөөц 2,6 шоометрээр буурчээ. Гэтэл барилга, үйлдвэржилтийн цар хүрээ эрс өсөхийн хэрээр мод, модон бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хурдацтай нэмэгдсэн нь ойн нөөцийг бууруулах хүчин зүйл болов. Иймээс импортын бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, дүнз, модон бэлдэц болон ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ой арчлах хамгаалах ойн аж ахуйнарга хэмжээний ажлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх шаардлагатайг төсөлд тусгажээ.

Улсын баяр наадамд 1024 бөх барилдаж, арслан цолтой бөх ес давбал үзүүр түрүүний барилдааны өмнө аварга цол олгож, улмаар 10 давж түрүүлбэл улсын даян аварга цол олгох, улсын баяр наадамд найм давж, гурван удаа үзүүрлэсэн бөхөд арслан, арслан цолтой бөх хоёр удаа найм давж үзүүрлэсэн бол аварга цол олгох нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзсэн байна. Түүнчлэн сүүлд олгох болсон улсын далай аварга цол чимгийг үгүй болгох санал тусгажээ.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар мод, модон материалыг импортын гааль,
НӨАТ-аас чөлөөлөх нь зүйтэй гэж үзээ, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Өнгөрсөн оны байдлаар манай улс нийт 1.2 тэрбум ам.долларын түлш шатахууныг импортолж, цаашид уул уурхай, дэд бүтцийн салбарын өсөлттэй уялдан түлш шатахууны хэрэглээ улам бүр нэмэгдэх учраас газрын тосны бүтээгдэхүүнийг газрын тос, занар болон нүүрснээс үйлдвэрлэлийн аргаар гарган авах төслийн хүрээнд импортоор оруулж байгаа технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолыг төслийг боловсруулсан байна.

Уул уурхайн сайдын тушаалаар байгуулсан ажлын хэсэг УИХ-ын 27 дугаар тогтоолд заасан 39 орд, түүнчлэн 2007 оноос хойш хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон томоохон 25 ордыг судлаад стратегийн орд газруудын хил хязгаарыг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын ордын залгаа жигүүрээр бүртгүүлж буй нөөцийг стратегийн ордын үргэлжлэл гэж үзэх, ордыг иж бүрнээр ашиглах асуудал чухал байгааг зэргийг харгалзан нэр бүхий долоон ордыг Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ангилалд нэмж хамааруулахаар төсөлд тусгажээ.

Сүүлийн жилүүдэд хүний наймаа, мөнгө угаах, хар тамхины, албан тушаалын зэрэг зохион байгуулалтын шинжтэй, нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг ихээр үйлдэгдэж, гэмт хэргийг үйлдэх арга улам нарийсч, үндэстэн дамнасан шинжтэй болж байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулах хэмжээнд хүрч байгаа боловч зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх боломж хүний нөөц, санхүү, эдийн засаг, техник хэрэгсэл, бүтэц, зохион байгуулалтын хувьд хангалтгүй байна. Иймээс Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “мөрдөн байцаах, эрүүгийн цагдаагийн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалтыг Мөрдөх алба болгон нэгтгэн зохион байгуулж, тус албаны дэргэд Шүүхийн шинжилгээний бүтцийг бий болгох”-оор дэвшүүлсэн зорилтыг үндэслэн Мөрдөх албаны тухай хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Терроризмтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 93.8 хувийн саналаар дэмжин баталлаа. Дээрх хуулийн төсөл батлагдсанаар банкуудаар хийгдэж байгаа 20 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээтэй мөнгөн гүйлгээг ингэхдээ сэжигтэй гүйлгээг шалгах болов. Ингэснээр санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага ФАТФ-аас тавьсан Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль хийгээд холбогдох бусад хуулийн төслөө дэлхийн жишигт хүргэж өөрчлөхгүй бол энэ төрлийн гэмт хэрэг гарах магадлал өндөр байгааг анхааруулж, эдгээр хуулийн төслийг зургадугаар сарын 1-нээс өмнө батлах чиг үүрэг байсныг УИХ ийнхүү баталгаажууллаа.

Дараа нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг барилга, хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын бодлого, ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Эхний ээлжинд импортоор орж ирэх барилгын материал, бараа таваарыг Замын-Үүдээр түгжрэлгүй оруулж ирдэг болгож, орон сууцны нийлүүлэлтэд анхаарч, дутуу боссон барилгуудыг ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлж, томоохон хорооллууд руу явах дэд бүтцийг шийдвэрлэхэд хөрөнгө зарцуулж, ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа гэжЕрөнхий сайд Н.Алтанхуяг тодотгон хэллээ.

“Барилгын материалын үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд орон сууцны барилгын зээлд зориулж эхний ээлжийн 380 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээс 300 тэрбум төгрөгийг банкуудад олгожээ. Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, “Амины орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр боловсруулж эхэлснийг Ерөнхий сайд танилцуулаад гишүүдийн асуултад хариулсан юм.

Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ