Берлиний ханыг нурааснаар Монголд ардчилал ирээгүй, үүнийг ард түмэн өөрсдөө хийсэн


Ардчилал гэдэг нь засаглал биш харин философи болж таарлаа. Тэгэхээр монголчууд 23 жилийг ардчилал хэмээх философиор хүмүүжиж өнгөрөөсөн байх нь. Яг л коммунизмд хүрэх зам нь социалимз гэдгийг сонсож өссөн 1990 оноос өмнөх үеийнхэн шиг. Гэхдээ хүн төрөлхтөн одоогоор ардчиллаас өөр нийгмийн зөв зохион байгуулалт олоогүй байгаа гэсэн.
Тэгээд бодохоор ямар ч байсан олон улстай хөл нийлүүлэн гүн ухааныг бясалгаж байгаа ажээ. Ер нь ардчилал гэдэг яг ямар философи юм бол. Ардчилал буюу демократыг эртний грекийн ард түмэн анх тодорхойлсон. Грек хэлний“демос” буюу “ард түмэн” , “кратос” буюу “засаглал” гэсэн үгнүүд нь нийлээд “Ард түмний засаглал” гэсэн утгыг агуулдаг. Гэтэл хүн төрөлхтөний түүх агуа их соёлын өвөг дээдсүүдийн философийг гажуудуулсан бөгөөд ард түмний засаглал гэдэг утга өнөөгийн дэлхий ертөнцтөд огт тохирохоо больсон байна.
Ардчиллын үндсэн шинж нь засаглалынхаа эрхийг авахын төлөө цус урсгасан дайн дэгдээх, зэвсгийн хүч хэрэглэх бус бүх ард түмний чөлөөт сонгуулиар асуудлаа шийдэх. Нэг үгээр улс төрийн соёл юм. Чөлөөт сонгууль явуулахын тулд хүн бүхэн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөт байдлыг хангах, хууль дүрэм журмыг баримтлах зэрэг нь ардчиллын үндсэн гол тулгуур зарчмууд болжээ.
Энэ тулгуур зарчмууд ардчилсан Монгол Улсад хэрэгждэг болов уу. Сар хүрэхгүй хугацааны дараа бид ардчиллын үндсэн шинжийн үнэ цэнийг мэдрэх гэж оролдоно. Гоё хувцсаа шилж өмсөөд сонгуулийн хороо руу явна. Тэнд очоод ард түмнийх гэж итгэсэн философийг хэн илүү ойлгосоных нь нэрийг дугуйлна. Яг энэ философийг тэд ойлгосон эсэхийг нь мэдэхгүй ч итгэл үнэмшлээрээ ард түмэн ардчилллыг буй болгож байна гэж мэдрэх бас гоё.
Гэхдээ түүний наана ардчилал чухам байгаа юм уу, үгүй юм уу гэх бодол төрж байх юм. Ардчилсан замаар 23 жил алхсанаа дарга нар тод томруунаар зарлаад байхад ийм сэжиглэл төрөөд байгаа нь хачин.
Яагаад гэвэл онол ёсоор хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эрх чөлөө гэх ухагдахуун энэ философийн гол шинжийн нэг юм билээ. Харин одоо тэнцвэртэй байдлыг хангахын тулд гэх нэрээр хэвлэн, нийтлэх эрх чөлөөг боомилох нь юуны үнэ цэн юм бол. Үүний цаад агуулга нь хэвлэлээр дамжуулж олон нийтийн тархийг угаахгүй гэсэн санаа. Гэвч үнэний ихэнх нь хэвлэл иргэдийн сонголтыг зөв залах хандлагатай гэдэг. Зүй нь үзэл бодлоо илэрхийлэх ойлголт реклам, сурталчилгаанаас тэс өөр зүйл.
Саяхан Ази судлалын институтын профессор Жулиан Диерксийн “Монголын ардчилал ба олигархиуд” хэмээх нийтлэлийг “Financial times”-аас уншлаа. Агуулга нь Монголын улстөрийн олигархиуд атгасан нь ардчиллын үнэ цэнийг үгүй хийж байна гэсэн утгатай. Бас хэцүү, бартаатай замаар урагшилсан Монголын ардчиллын түүх хэтэрхий ээдрээтэй гэсэн байна.
Тэгвэл өрнөд болон дорнодын ард түмний ардчиллын философи ерөнхийдөө өөр гэдгийг улстөрийн онолоос уншиж болно. Бас өндөр хөгжилтэй, буурай хоёр орны зорилт ч өөр. Зүй нь Монголд ардчилал бий болгоход оготны хамраас ч цус гаргаагүй байхад Вьетнам, Хятадад цус асгаруулан тулалдаж, олон мянган хүн үүний төлөө амиа өргөсөн ч өнөөдрийг хүртэл тэд санасандаа хүрч чадаагүй.
1990-ээд оны үед Зүүн Европын социалист орнууд ардчиллыг сонгосон ч улстөрийн дарамт шахалт их байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас тэр үеийн ЗХУ-ын нөлөөнд орж, социалист дээвэрт багтсан зүүн Европт анх Польш ардчиллыг эхлүүлсэн гэдгийг дэлхийн олон оронд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ зүүн Европын ардчилал хаанаас эхэлсэн бэ гэдэг асуултад бэлгэдлийн утгаар “Берлиний хана нурснаас эхэлсэн” гэж хариулдаг европчуудын ардчилал Монголынхоос илүү үнэ цэнээр олдсон байж таарна. Гэвч Монголын ард түмний хувьд монгол ардчилал хамгийн чухал зүйл.
Ингээд бодохоор монголчууд ардчиллын үнэ цэнийг хэрхэн мэдэрч байгаа нь сонин. Нэг хэсэг нь үүнийг эрх мэдэл олж авах талбар болгож байхад, зарим нь хүн шиг амьдрахын төлөөх тэмцэл болгож, нөгөө нь бэлэн хоол ам руу орж ирэхгүйд гутарч, социализмаа мөрөөдөх жишээтэй. Ямар ч байсан ардчилал хэмээх хамгийн сайхан хэрнээ, хамгийн аюултай зүйлийн жинхэнэ утгыг бид тун удахгүй мэдэрч, үнэт зүйлээ хамгаалах зөн совингоороо ардчилсан сонгуульд оролцоно.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ