Наадмын төсвийг нэг тэрбум 581 сая төгрөг байхаар эцэслэн баталлаа

Засгийн газрын хуралдаанаар тулгар төр байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах зардлын төсвийг нэг тэрбум 581.3 сая төгрөг байхаар эцэслэн баталлаа. Үүнээс 350 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 380 саяыг нийслэлийн төсвөөс, 11.2 саяыг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, 840 саяыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтсон байна.

Наадмын нийт зардлын 18.2 хувь буюу 288.9 сая төгрөгийг бай шагналын зардалд, 241.3 сая төгрөг буюу 15.3 хувийг урлаг соёлын арга хэмжээнд зарцуулахаар хуваарилжээ. Мөн 443.1 сая төгрөгийг тохижилт, үйлчилгээ, 141.8 саяыг хэв журам хангах, онцгой байдал, 466.3 сая төгрөгийг наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулна.

Энэ жилийн баяр наадмаар уламжлалт арга хэмжээнүүдээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбайн дөрвөн буланд урлагийн тоглолт, Хүй долоон худагт “Монгол морьтон” спортын наадам, шүхэрчдийн буулт зэрэг үзүүлбэр, тоглолт болно. Наадмын нээлт, төрийн хүндэтгэлийн концертыг өвөрмөц онцлогтой байхаар зохион байгуулахаар төлөвлөж байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ