УИХ дахь “хулгайн анчид”

Эрхэм гишүүд нисдэг тэрэг хөлөглөн үнэг хөөж байгаад шургаж унасан инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг явдал “Симба” Батаагаас эхтэй. Н.Энхболд асаасан түүдгийнхээ нурмыг унтраалгүй түймэр тавиад байгаль орчны байцаагчийн үгийг үл ойшоож байсан. Дараа нь Батлан хамгаалахын сайд асан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ангидаа дүүтэй болсондоо олзуурхаж, Н.Номтойбаярыг хулгайн анд дагуулж дархан цаазат газарт зэрлэг гахай агнасан. Ангаа улсын начнаар өргүүлж, ид хаваа гайхуулан фэйсбүүкт гангарав.
УИХ-ын зарим даварсан гишүүнд төрийн түшээгийн халдашгүй эрх багадаад байгаль орчны улсын байцаагчийн үнэмлэх дутжээ. Үүнийг МХЕГ-ын дарга Р.Содхүү 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 179 дүгээр тогтоолоор нөхөж, намынхаа нөхдөд хэмжээлшгүй тус хүргэсэн юм.
Уг тушаалд улсын ахлах байцаагчийн эрх олгох тухай гээд “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26.2 дахь заалт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2009 оны 324 дүгээр тушаалаар батлагдсан “Хуулиар эрх олгогдсон байгууллагад улсын байцаагч ажиллуулах журам”-ын 1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1.Хавсралтад нэр дурдсан төрийн албан хаагчдад 2012 оны тавдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн улсын ахлах байцаагчийн эрх олгосугай.
2.Улсын байцаагчийн эрх олгогдсон төрийн албан хаагчдад Засгийн газрын 2012 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан загварын дагуу үнэмлэх, тэмдэг олгохыг Тамгын газар /С.Заяадэлгэр/-т үүрэг болгосугай.
Дарга, улсын ерөнхий байцаагч Р.Содхүү гэсэн байна.
Улсын ахлах байцаагчийн тэмдгээр энгэрээ мялааж, үнэмлэх өвөртөлсөн хоншоортой эрхмүүдийн нэрсийг жагсаавал:
1.УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх /тусгай хяналтын улсын ахлах байцаагч/
2.УИХ-ын гишүүн М.Энхболд
3.УИХ-ын гишүүн Д.Зоригт
4.Байгаль орчны сайд Д.Цогтбаатар
5.УИХ-ын гишүүн Ц.Дашдорж
6.Байгаль орчны сайдын зөвлөх Ц.Шийрэвдамба
7.МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар
8.Ерөнхий сайд Сү.Батболдын ахлах зөвлөх Б.Долгор
9.Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Батбаатар
10.Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар
11.МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Сүхбаатар
12.Г.Мөнхбилэг
13.ХХАА-н сайд Т.Бадамжунай
14.УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар
15.УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа
16.УИХ-ын гишүүн Н.Энхболд
17.УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
18.УИХ-ын гишүүн Д.Оюунхорол.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ