Х.Тэмүүжин Ботаникийн хүрээлэнг "уулгалан довтолжээ"

-Хуульчид эрдэмтэдтэй үзэлцэхээр шийджээ. Оюуны бядаа уралдуулвал эрдэмтэд дийлнэ гэж зарим хүн үзэж байгаа ч эрх мэдлээ баримталвал нөгөө тал ялна гэх нэгэн ч байх юм-

Шоронжсон Монгол гэж сонссон уу. Тэгвэл одоо шүүхжсэн Монгол болох гэж байгаа юм байна. Яагаад гэвэл яг одоо манай эх орон шүүхийн 79 байгууллагатай ба шүүгчийн эрх өвөртөлсөн 429 хүн бий гэж судалгаанаас харлаа.

2.8 сая хүнд яах аргагүй ахдах тоо хэдий ч хуульзүйн салбарын удирдлагууд “Харин ч багадна. Одоо бүгдээрээ даруй шүүхийн цогцолбор босгоцгооё” гэж уриалсан ч гэх шиг. Үгүй байлгүй дээ гэтэл нээрэн тийм байх юм.

Уг нь Монголын шүүх ихэвчлэн хуучны загвартай, 2-3 давхар тоосгон барилгуудад байрладаг. Тэдгээр нь одоогийн нүсэр том шилэн байгууламжууд шиг зай эзэлж, сүр бадраахгүй ч “ШҮҮХ” гэсэн хаяг нь өөрийн эрхгүй эмээх, хүндэтгэх сэтгэл төрүүлэм. Гэвч Х.Тэмүүжин сайдад илүү хүчирхэг, халдашгүй цайзыг санагдуулам шүүх засаглал хэрэгтэй болсон байх. Ер нь шүүх гэмээнэ хаан ч атугай халдаж үл болох байгууллага.

Гэхдээ хамгийн энгийн номхон ард ч хаалгаар нь ажиггүй орох босго нам байх ёстой гэдэг. Өөрөөр хэлбэл, хана хэрмээр хүрээлэгдэж, харуул манаа соргог байснаар шүүхийн хүчирхэг байдал бий болохгүй, түүн дотор ажиллагсад нь чин шударга, мэргэжилдээ үнэнч, буруу зөвийг үнэн мөнөөр ялгах сэтгэлтэй байваас сая шүүх халдашгүй болох учиртай гэдэг.

Монголын шүүх ийм байж чадах, эсэхийг олон нийт “шүүх” биз. Ямартай ч Хууль зүйн сайд маань Шүүхийн цогцолбортой болохыг чин сэтгэлээсээ хүссэн нь цаанаа хүчирхэгийг бий болгох үндэс байгаасай. Гэвч урд хормойгоороо хойдхоо нөхөн байж ийм алхам хийхийг оролдох нь хачирхалтай.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг зүйл Монголд ганцхан бий. Шинжлэх ухааны академийн харьяа энэ байгууллага бүрэн хүчин чадлаар ажиллах гээд эдийн хүчинд мөхөсдсөөр өнөөг хүрсэн ч, хийсэн бүтээсэн зүйл арвин. Лав л нийслэлийн өнгийг засдаг хэдэн мод, бут, зүлэг, цэцгийг энэ цэцэрлэгт тарьмалжуулдаг.

Мөн Монгол Улсад байтугай дэлхийд ховордсон ургамлыг нутагшуулах, тарималжуулах ажлыг Ботаникийн хүрээлэнгийн хэдэн эрдэмтэн, ажилтан л хийдэг. Уг нь төр засаг олигтойхон харж, үзээд, дориун хэдэн төгрөг төсөвлөчихвөл дэлхийд ховорхон цэцэрлэг, шинжлэх ухааны төв болох боловсон хүчний бааз суурь бий гэж Ботаникийн хүрээлэнгийн захирал, академич доктор профессор Ч.Дугаржав ярьсан.

Гэтэл Монголын хэдэн олигархид энэ цэцэрлэг дэл сул, өгөршсөн талбай болж харагдаад байгаа бололтой. Олигархи ч гэж дээ. Данхар төрийг улам данхалзуулах гэсэн нөхөд ч үүнд хамаарна.

Ямар ч байсан Хууль зүйн яам Ботаникийн цэцэрлэгээс таван га-г тасдан авч, Шүүхийн цогцолбор босгохоор өдөр, шөнөгүй хөөцөлдөх болсон байна. Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор энд газар олгохыг хориглосон ч “Авна” гэж зүтгэлсээр байгааг Шинжлэх ухааны академийнхан арга нь барагдсан шинжтэй өгүүлж байх юм.

Ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч, доктор, профессор С.Жамьяансүрэн “Улаанбаатарчууд жилд 7.8 сая тонн угаарын хий үйлдвэрлээд түүгээрээ амьсгалж байна. Гэтэл нэг га ой өдөрт 220-275 кг хорт хий шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг. Харин хотод маань ногоон байгууламж хэр их билээ. 2004 онд 207 га байсан ногоон байгууламж өнөөдөр 160 га хүрэхтэй, үгүйтэй болсон. Устаж үгүй болоогүй. Зүгээр л тасдаж хаяад барилга барьчихсан хэрэг. Хуульзүйн яам энэ таван га газрыг авснаараа өдөрт 1200 хүн амьсгалах агаарыг устгаж байна” гэсэн юм.

Болсон явдлыг сийрүүлбэл, 2013 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр ажлаа амар, тайван хийж байсан Ботаникийн хүрээлэнгийнхэнд нэгэн бичиг ирсэн нь Хууль зүйн сайдын мутрын дардастай байсан гэнэ. Агуулга нь шүүхийн барилга барих учраас нэн даруй таван га газар авна, үүнийг мэдэгдэж байна гэх төдий.

Өөрөөр хэлбэл, эрдэмтэдтэй санал солилцох, хэлэлцэх талаар ямар ч үг, өгүүлбэр байгаагүй, ердөө л хуулийн нэрийг барьж, тулгасан утгатай байсан гэнэ. Мэдээж “Цэцэрлэгээ өгөхгүй”, “Шударга ёс байна уу” энэ тэр гээд асуудал дэгдэж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад цэцэрлэгийнхнээр овоглосон өргөх бичиг ч хүрч. Гэтэл өнгөрсөн сарын 24-нд ТӨХ-ны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ботаникийн хүрээлэн рүү бичиг илгээж “Газар авна” гэж тун ч товч бөгөөд тодорхой хэлжээ.

Хамгийн гол нь Ботаникийн цэцэрлэгийн газарт ганц Хууль зүйн яам ч биш тогтоол гаргаж хамгаалаад байсан хотын захиргаа ч гар шургуулахыг оролдох болжээ.

Тодруулбал Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл саяхан 17 га газар авах тухай бас бичиг хүргүүлээдэхэж. Орон сууц, сургууль, цэцэрлэг, худалдааны төв гээд юу эсийг тэндээ босгоно гэж тайлбарласан гэнэ. Эрдэмтэн С.Жамьяансүрэний тооцоогоор хэдэн тоо бодож үзвэл цэцэрлэгийн 17 га талбайг барилгажуулснаар өдөрт 4080 хүн амьсгалах агаарыг цементлэх юм байна.

Ингээд бодохоор манайхан нэг ажил хийх гэж нэлээд хэдэн ажлыг алах юм. Үлгэрлэвэл урагш хоёр, арагш гурав алхахтай ижил. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн албан хаагчдын эмнэлгийг хуульчдын байр болгох гэж бөөн хэл ам тарьж, нийгмийн хэрүүлийг нэгээр нэмсэн удаатай. Харин одоо шинжлэх ухаантай үзэлцэхээр шулуудсан бололтойдог шүү.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ