МИАТ-ийн шүүх хурал 09:00 цагаас үргэлжилнэ

Их хэмжээний мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаж буй, 2006-2011 оны хооронд МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн, түүний дүү “Монголиан эйрлайнс” группын захирал асан Ч.Суурьтогтох, тэдний үүсгэн байгуулсан компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Гантөмөр, 1997-2007 оны хооронд “Голомт” банкны зургаадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Цагдан хорих 461-р ангид 09:00 цагт эхэлсэн. Уг хурал хуулийн дагуу өчигдөр 22:00 цаг хүртэл үргэлжилсэн бол өнөөдөр 09:00 цагаас үргэлжилнэ.Тэднийг эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Харин “Голомт” банкны 6-р салбарын захирал Г.Саранчимэгийн тухайд 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх зүйлчлэл нэмэгдэж байна. Дээрх зүйлчлэлүүдээр тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-15 жилийн хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.


Мөрдөн байцаалтын шатанд МИАТ-ийн дээрхи удирдлагууд нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг гэх Япон, Хонгконг дахь зохиомол хоёр ч компанийн дансаар тухайн үеийн ханшаар нийтдээ 9.3 тэрбум төгрөгийг шилжүүлсэн болох нь илэрсэн. Энэ мөнгөнөөс өөрсдийнх нь хувийн данс болон компанийх нь дансаар нийтдээ 4.3 тэрбум төгрөг нь эргэж орж ирсэн болох нь тогтоогдсон юм.

Б.Бурам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ