Ё.Отгонбаяр сайд байхдаа рекетчин байжээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго хэдхэн өдрийн дотор нөхрөөсөө алдартай нэгэн боллоо. Аргагүй юм даа, арилжааны банкуудад 26 данс эзэмшдэг. Тэдгээрийнх нь тус бүрээр 80-400 сая төгрөг эргэлдээд байхад хэн “алдаршихгүй” байх юм.
Тэгсэн эхнэрийн дуулиан нөхрийн тарьсан хэрэгт дарагдах шинжтэй. Яагаад гэвэл Ё.Отгонбаярын дуулиан дээр рекетлэсэн, авлига шаардсан хэрэг нэмэгдэнгүүт хандлагууд түүн рүү эргэв. Уг нь төрийн түшээд авлигаас аягүй зугтаадаг гэдэг юм билээ, өөрсдийнх нь хэлж буйгаар. Тэгээд “Авлига авахгүй” гээд байхад нь “Ав” гээд хармаанд нь мөнгө чихсэн гэж хүртэл туудаг нөхөд бий.
Харин энэ удаа төрийн түшээдийн “авилгагүй” алдрыг сэвтээсэн хэргийг Ё.Отгонбаяр тарьж, нэг муу барилгачинг “Авилга өгөөд орхи” гэсэн ч гэх шиг. “Өгөхгүй” гэхээр нь Энхтайваны гүүрэн дээр зогсоож байгаад нармайг нь нээлгүүлчихсэн, тэгээд зогсохгүй “Ланд круйзер-200” машиныг нь булааж авсан болж, бараг л мафи маягтай юм болоод явчихлаа.
Буруу дуулаагүй бол манай гишүүн сайд байхдаа авлига өгөхгүй гэж “новширсон” этгээдээс өөрөө мөнгө нэхсэн. Нэхэх нэхэхдээ илүү ч үгүй, дутуу ч үгүй 230 сая төгрөг гэсэн нь А байрны атмаан Б байрны нусан журыг буланд бүлтэлзүүлж, тамхи нэхсэнтэй адил учраас авлига шаардсан дээр танхайрсан, заналхийлсэн, бараг дээрэмдсэн гэдэг зүйл, заалтууд ч нэмэгдэж магадгүй гэж цуурах болов.
Одоо тэгтэл энэ хэрэг юу болж, хаашаа явах нь арай тодорхой болоогүй байхад “Өө больё. Ажлаа өгье”, “Намайг хорио хорь” гэх мэтээр цахим ертөнцөөр мэдэгдэл хийх болсон Ё.Отгонбаярыг өр нимгэн зарим нь өмөөрч “МАН-ын лайг үүрч байна”, “Авлига авсан бусдыг нь чадахгүй юм бол Отгоог ч чадахгүй байх хэрэгтэй”, “Эхнэр нь л мөнгө нэхээ биз” гэхчилэн үг хаях.
Харин хэзээний гаршсан “лоохууз”-ууд болохоор “Хцсс. Юун эрт бууж өгдөг юм. Дахиад жаахан гүрийхэд цаадуул нь цөхөрнө”, “За яадаг юм. Халхын хавтгайг чичрүүлсэн атмаануудын тоо нэгээр нэмэгдээ л биз” гэхийг ч сонсов.
Гол нь Ё.Отгонбаярын авлига нэхсэн хэргийг шалгах явцад эхнэрийнх нь нэр дээрх аймар их мөнгөний үүр уурхайг олчихсон юм байна лээ. Нийслэлийн прокуророос “О.Эрдэнэсолонго нь дөрвөн банкинд 21 данстай” гэж мэдэгдэв үү, үгүй юү банкных нь тоо тав, данс нь 26 болж өссөн гэхээр хянаж шалгадаг байгууллагын буруу бас бий.
Нийслэлийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан мэдэгдэлд нэгэн сонирхолтой зүйл сонсогдсон. Учир нь О.Эрдэнэсолонгын нэг дансны мэдээллээс л харахад 80-400 сая төгрөгүүд нэг нэг хоногийн зайтай орж ирээд, дахин хоёроос гурван дансаар дамжиж, яваад сүүлд нь нэг дансанд төвлөрөөд тэндээсээ хэн авсан нь мэдэгдэхгүй алга болдог байсан гэнэ.
Өөрөөр хэлбэл, мөнгө угаасан гэдгийг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч иймэрхүү хэрэг болсныг хэн ч хэлж чадахаар. Гэхдээ цагдаагийнхан яг хэдэн төгрөг, гадаад валют эдгээр дансаар эргэлдсэнийг хэлэхгүй байгаа. Асуухаар өөдөөс “Их хэмжээний, ноцтой” энэ тэр гэж сүржигнэх юм.
Тэгвэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тухай хуульд зааснаар шалгавал зохих их хэмжээний мөнгө гэдэг нь 20 сая болон түүнээс дээш хэмжээний төгрөг, үүнтэй дүйцэх гадаад валют. Гэтэл хагас их наяд төгрөг эргэлдчихээд байхад шалгаагүй Төвбанк, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар ч бурууг хүлээх ёстой.
Үүнээс гадна “хүний мууд дурлагсад” Ё.Отгонбаярын хийсэн байж болзошгүй гэх хэргүүдийн бараг жагсаалт шахам зүйл гаргачихаж. Тэндээс тэдэн тэрбум, тийм төслөөс ийм хэмжээний мөнгө, эднийхээс ийм хөрөнгө оруулалт авсан гээд үсгийн дарааллаар биччихсэнийг ч харлаа.
Үүнээс арай танил санагдсан нь алдарт “Гаалийн” хэмээгдэгч Х.Баатартай холбоотой авлига авсан тухай. Бүр тодруулбал, МАН-ын сонгуулийн үеэр мөнгө босгох гол саалийн үнээ нь гааль, татварын байгууллага байсан гэж яригддаг. Гаалийн хэмээх тодотголтой эрхэм Х.Баатар өөрөө намдаа 200 сая төгрөг хандивласан гэдгээ олонд дэлгэж, удирдлагуудаа тавиад туучих дөхснийг хүмүүс санах байх. Харин тухайн үед МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ё.Отгонбаяр“Бид Баатараас 100 саяыг л хүлээж авсан” гэж хууль хяналтын байгууллагад албан бичиг өгсөн гэх шуугиан гарсан ч хуулийнхан үүнийг баталгаажуулаагүй. Одоо харин энэ хэргийг дахин сөхөж, шалгаж магадгүй болжээ.
Ийнхүү “Эхнэр, нөхрийн хэрэг” гээч зүйл Монголыг доргиов. Айлын эхнэрүүд атаархсан ч гэх шиг. “Хэний авгай хир угааж, хэнийх нь мөнгө угаадаг юм бэ. Чи өөрийгөө хар, тэр айлын нөхрүүдийг хар. Алив яваад мөнгө аваад ир, би угаагаадахъя. Гэхдээ лав тэр эхнэр шиг баригдахгүй юмдаг” гэсэн гэж барим тавим бурцгаах юм.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ