Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн талаар ОУВС-гаас эцсийн санал аваагүй байна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байхад яг зэрэгцээд Засгийн газар Олон улсын валютын сантай гэрээ хэлцэл байгуулахаар ажиллаж байгааг дурдаад, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлага бий эсэхийг тодрууллаа. Засгийн газрын түвшинд Олон улсын валютын сантай хийж буй хэлэлцээрийн хүрээнд тавигдаж буй үндсэн нөхцөлийн нэг бол Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хэмээн ажлын хэсгээс хариулт өглөө. Тодруулбал, Хөгжлийн банкны үйл ажиллагааг төсвөөс бүрэн салгах, төсвийн үйл ажиллагааг санхүүжүүлдэг өмнөх үйл ажиллагааг давтахаас сэргийлсэн засаглал, хууль эрх зүйн орчны хамгаалалтыг бэхжүүлэх шаардлага тавигджээ. Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Олон улсын валютын сангаас эцэслэсэн байдлаар санал авч амжаагүй байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хэлсэн юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хэлэлцэж буй хуулийн төслийг баталсан тохиолдолд Олон улсын валютын сантай хийж буй гэрээ хэлэлцээрийн хүрээнд дахин өөрчлөлт орох эсэхийг асуулаа. Засгийн газар зургаан сарын турш Олон улсын валютын сантай хамтран ажиллахаар хэлэлцээр явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тус байгууллагаас өгсөн саналуудыг хуулийн төсөлд тусгасан байгаа хэдий ч үүн дээр нэмэлт шаардлага, санал дахин гарах эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй хэмээн ажлын хэсэг хариулт өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Дэлгэрсайхан нар мөн ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Ингээд ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслооТус байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг иж бүрнээр нь шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв.УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд санал, дүгнэлтийг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан юм. Ажлын хэсгээс “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК"-ийн 49 хувийн хувьцааг худалдаж авсан талын төлөөлөлтэй уулзах хүсэлтийг хоёр удаа хүргүүлжээ. Ийнхүү энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр О.Орхон, М.Мөнхбаатар, Д.Ганболд нартай уулзаж, хоёр талаас харилцан мэдээлэл солилцож, ажлын хэсэг шаардлагатай гэж үзсэн асуудлуудаараа тодруулга хийсэн гэлээ. Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн үндсэн зорилго бол “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдан авсан үйл явц нь хуулийн хүрээнд явагдсан эсэхийг тодорхойлох, худалдан авалт хийсэн хөрөнгийн эх үүсвэрийг нягтлах байсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч тэмдэглэв. Мөн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хугацааны “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн худалдан авах ажиллагаа, татвар болон санхүүгийн баримт материалтай танилцсан байна. Энэхүү хяналт, шалгалтын ажиллагаанд мэргэжлийн баг ажилласан бөгөөд ажлын хэсэг 49 хувийн хувьцааг худалдан авсан үйл явц нь Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчсөн болохыг тогтоожээ. Нэн тэргүүнд Үндсэн хууль дахь олон улсын гэрээтэй холбоотой заалт,Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын тухай хууль болон Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоол зэргийг зөрчсөн талаарх дүгнэлтийг гаргасан байна. Худалдан авсан санхүүгийн эх үүсвэрийг нягтлах ажлын хүрээнд “Монголиан Коппер корпораци” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-д 49 хувийн энгийн хувьцааг худалдан авахдаа Худалдаа хөгжлийн банкин дахь өөрийн гэх данснаас нийт 3 удаагийн гадаад гүйлгээгээр 400,27 сая ам.долларыг Оросын Холбооны Улсын “Альфа” банкинд шилжүүлсэн байх ба энэ нь дараах эх үүсвэрээс бүрдснийг шалгаж тодруулжээ. Үүнд-“Монголиан Коппер Корпораци” ХХК-ийн дүрмийн санд Худалдаа хөгжлийн банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Пүрэвтүвшингийн “Улаанбаатар” банк дахь хувийн хадгаламжаас шилжүүлсэн гэх 112.0 тэрбум төгрөг;-2016 оны 6 дугаар сарын 20-нд Худалдаа хөгжлийн банкнаас зээлсэн 75.0 сая ам.доллар “Монголиан Коппер корпораци” ХХК энэхүү зээл авахдаа эхэндээ “ирээдүйд бий болох эх үүсвэр” гэгчийг, 2016 оны 6 дугаар сарын 30-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг тус тус барьцаалуулж, улмаар 2016 оны 6 дугаар сарын 27-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хууль бус хяналт тогтоосноос хойших хугацаанд 2016 оны 7 дугаар сарын 25-нд “2013 оны ногдол ашиг” гэх 8.6 сая ам.доллар, 2016 оны 8 дугаар сарын 12-нд “2012 оны ногдол ашиг” гэх 47.1 сая ам.доллар, нийт 55.7 сая ам.долларыг компани руугаа шилжүүлж завшсан байна;-Түүнчлэн Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн эзэмшдэг “Кью-Эс-Си” компаниас 2016 оны 6 дугаар сарын 17-нд зээлсэн 62.9 сая ам.доллар;-2016 оны 6 дугаар сарын 17-нд Ц.Пүрэвтүвшин дангаараа эзэмшдэг, татвар төлж байгаагүй “Рийворстон пропертис” компаниас зээлсэн 70.0 сая ам.доллар;-“Юнайтед энержи систем” компаниас зээлсэн 68.0 сая ам.доллар, 2016 оны 6 дугаар сарын 17-нд Сингапурт бүртгэлтэй гэх “Канетик” компаниас зээлсэн 68.0 сая ам.доллар болохыг тогтоосон байна.Дээр дурдсан “Кью-Эс-Си”, “Рийверстон”, “Юнайтед”, “Энержи систем”, “Канетик” компаниуд 2016 оны 6 дугаар сард тус бүрдээ Худалдаа хөгжлийн банкнаас дээр дурдсан их хэмжээний ам.долларын зээл авангуут шууд “Монголиан Коппер корпораци” ХХК-д дамжуулан зээлдсэн, нөгөө талаар зээлийн гэрээ нь үг, үсгийн зөрөөгүй ижил загвараар үйлдэгдсэн, ямар ч баталгаагүйгээр их хэмжээний ам.долларын зээл олгосон зэргээс үзэхэд халхавч баримт бичиг болох нь тодорхой хэмээн үзсэн байна. Банк бизнес эрхлэх зорилгоор банкны хөрөнгийн эх үүсвэрийг ашиглаж болохгүй гэдэг холбогдох хуулийн заалтыг илэрхий зөрчсөн бөгөөд Хөгжлийн банк, Монголбанкны санхүүгийн эх үүсвэрээр дээрх худалдан авалтын санхүүжилтийг бүрдүүлээгүй гэх баталгаа байхгүй гэдгийн ажлын хэсгийн ахлагч Ш.Раднаасэд танилцуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ХХК түүхэндээ 300 тэрбум төгрөгөөс бага хэмжээний татвар төлж байгаагүй ч энэ жил 120 орчим тэрбум төгрөгийн татвар төлөхөөр байгааг холбогдох газруудын мэргэжилтнүүдийн гаргасан мэдээллээс тодорхой харах боломжтой гэлээ. Ажлын хэсэг энэхүү шалгалт, хяналтынхаа үр дүнд хувийн хэвшлийн өмч гэгдэж буй 49 хувийг буцаан авахтай холбоотой шийдвэр гаргаагүй, мөн асуудлыг зөвхөн дотооддоо шийдэх нь зүйтэй хэмээн үзсэн, “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-ын 49 хувийг худалдан авсанд хувийн хэвшлийг буруутгаагүй бөгөөд үйл явц нь хэд хэдэн хууль зөрчсөн болохыг тогтоосон хэмээн санал, дүгнэлтийн танилцуулгын төгсгөлд дурдав.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ