Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хилийн чанадаас эхэллээ

-Долоо хоногийн улс төрийн тойм-
Гадаадад суугаа Монгол Улсын иргэд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна. Ням гаригийн 14.00 цагийн байдлаар 3188 сонгогч саналаа өгчээ. Нийт 6233 сонгогч 39 салбарт санал өгөхөөр бүртгүүлсэн юм. Зарим хотод сонгогчдын ирц хангалтгүй байгаа тул тэднийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалав. Тухайлбал, Сөүл дэх 1454 сонгогчоос 446, Вашингтон хотын 838 сонгогчоос 290, Лондонгийн 244 сонгогчоос 91 сонгогч тус тус саналаа өгчээ. Энэ сарын 14-ний бямба гаригийн 07.00 цагт эхэлсэн санал хураалт өнөөдрийн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өнгөрөгч долоо хоногт нэр дэвшигч Ц.Элбэгдорж Монгол Улсын хоймор Сэлэнгэ аймгийн Сайхан, Баруунбүрэн суманд ажиллаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцуулахад иргэд сонгогчид ”Та дахин ялалт байгуулж, авлигачидтай хийх тэмцлээ үргэлжлүүлэх ёстой” гэж захиад, амжилт хүслээ. Ерөнхийлөгчийг “Хөтөлийн цемент шохой” ХК-иар ороход 30 жилийн өмнө байгуулагдсан тус үйлдвэр нойтон аргаар цемент үйлдвэрлэдэг байсан бол одоо үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлж, техник, технологио шинэчилснээр долдугаар сараас хуурай аргаар цемент үйлдвэрлэх боломжтой болж байна. Үүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талархалтай сонсоод, Монгол даяар өрнөж буй бүтээн байгуулалтын ажилд танай үйлдвэр чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар хотод 17, Эрдэнэт хотод дөрвөн том орон сууцны хороолол шинээр баригдаж ашиглалтад орно. Ийм үед барилгын материалын үйлдвэрлэлээ шинэчилсэн нь маш чухал цаг үеэ олсон ажлын эхлэл юм гэв.
Орхон аймаг бол нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хувьд ойр дотно газар. Тэрээр Эрдэнэтэд арван жилийн сургуулиа төгсч, Эрдэнэтийн үйлдвэрээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Орхон аймгийнхан халуун дотноор угтаж, аймгийнхаа хүндэт иргэнээр өргөмжилсөн юм.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хэнтий аймагт ажиллаж, Чингис хааны хөшөөнд цэцэг өргөв. Хан Хэнтийн Ардчилсан намынхан “Эрх чөлөө ус, агаар мэт тогтнохуй дор эхлэн тунхагласан та бидний ажил үйлс улам батжина”, “НҮБ-ын байгаль орчны Эх дэлхийн дээд шагналт Ц.Элбэгдорж бол бидний ээлтэй Ерөнхийлөгч” гэх зэрэг лоозонгууд барьжээ. Нэр дэвшигчийг дэмжиж, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар ажиллалаа. Энд их бүтээн байгуулалтын ажил аймгийн 90 жилийн ойн босгон дээр хэдийнэ өрнөжээ. Дулааны станцын ажлыг 2014 онд эхлүүлэхээр зураг төслийн ажил хийж, 200 айлын хаус хороолол,“Тэмүүжин” орон сууцны хорооллын шав тавьж, Өндөрхаан орчмын зам засварын ажлаа наадмаас өмнө дуусгана гэж аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар танилцуулав. Энэ бүхэн шууд ардчилал, иргэдийн оролцоо, иргэд өөрсдөө төсвийн хөрөнгөө захиран зарцуулах эрхтэй болсны үр дүн гэдгийг ч хүмүүс мэдэрчээ.
Эзэн Чингисийн өлгий нутгийнхан Өвөрмонголын Ордосынхоос илүү Чингис хааны түүхэн цогцолбор байгуулахаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж, зураач Махбалын 1962 онд хийсэн зураг эскизийг ар гэрээс нь худалдан авахаар болсон нь ганц хөшөө төдийгүй зан үйл хийдэг байгууламжуудтай бүхэл бүтэн цогцолбор болно гэдгийг сайд Ц.Оюунгэрэл онцлов. Нэр дэвшигч Ц.ЭлбэгдоржБурхан халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр болж байгаа, Өндөрхаан хот тун удахгүй зүүн бүсийн Чингис хот болно гэдгийг мөн дуулгасан юм.
Эдийн засгийн хөгжлийн яам улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр хийдэг салбарын техник, эдийн засгийн үнэдэслэл болон бодлогын судалгаануудыг нэгдсэн журмаар нэгтгэн ашиглах нь зүйтэй хэмээн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, зохицуулах журам”, Мэдээллийн санд төвлөрүүлэх мэдээлэл, тэдгээрийг гаргах байгууллагын жагсаалтыг баталлаа.
Мөн Монголбанк бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналтыг сайжруулах зорилгоор 20 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр зэхэж байна. АХБ-ны зээлийн гэрээний төслийг Засгийн газрын гишүүд зарчмын хувьд зөвшөөрч, гэрээг УИХ-ын холбогдох байнгын хороодтой зөвшилцөх юм.
Монгол Улс дэлхийн 164 оронтой дипломат харилцаатай. Ойрын жилүүдэд 30 орчим оронтой дипломат харилцаа тогтоохоор ажиллаж байна. Монгол Улсын иргэн энгийн гадаад паспорт эзэмшигч бол дэлхийн 16, албан дипломат паспорт эзэмшигч нь 34 оронд визгүй зорчдог. Энэ онд Перу, Кувейт улс руу дипломат паспорт эзэмшигч нь визгүй зорчих болсон. Одоо Канад улсын Засгийн газраас энгийн гадаад паспорт эзэмшигч Монгол Улсын иргэнд 10 жил, албан дипломат паспорт эзэмшигчид дөрвөн жилийн хугацаатай виз олгохоор болж байна.
Засгийн газраас гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах ойн сангийн жагсаалт гаргалаа.
Гэрээгээр эзэмшүүлж болох ойг тогтоохдоо экологийн өндөр ач холбогдолтой ойг үлдээж, экологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой ойг эзэмшүүлэхээр сонгосон байна. Ингэснээр тухайн ойд түймэр гарах магадлал 95 хувь буурч, хууль бус мод бэлтгэл бүрэн зогсож, ойн хөнөөлт шавьжийн голомтыг цаг алдалгүй илрүүлэн түүнтэй тэмцэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж болох нь судалгаанаас харагджээ. Гэрээгээр эзэмшүүлж болох хамгаалалтын бүсэд хамаарах эзэмшлийн ойн сангийн нэршлийн жагсаалтад сургалт, судалгааны ойн сан, нийслэл, хотын хилийн цэсээс гадагш оршиж байгаа нийслэл, тухайн хотын ногоон бүсэд хамаарах ойн сан, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойронд 300 метрээс гадагш болон усны сан бүхий газрын эргээс 200 метрээс гадагш орших хориотой зурвасын ойн сан, 30 хэмээс илүү налуу газрын ой, 100 га хүртлэх хэмжээний төгөл ой багтжээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Налайх, Багануур дүүрэгт хийж буй зам засвар, бүтээн байгуулалтын ажил,Төв аймагт баригдах Майдар цогцолборын барилгын ажилтай танилцлаа. Уг нь Оюутолгой компанийн зэсийн баяжмал экспортлох нээлтэд оролцох байсан ч түр хугацаагаар хойшилжээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлж, Ч.Сайнбилэгийг томиллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ