Л.Болд: Бүрэн эрхийнхээ хугацаанд тодорхой ахиц гаргана гэдэгтээ итгэлтэй байна

Шинэчлэлийн Засгийн газрын санаачлагаар ХБНГУ-ын иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр ирэх есдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжиж эхлэх бөгөөд энэ талаарх ноот бичгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-ын элчин сайд Петер Шаллерт гардуулан өглөө.

Гадаад харилцааны сайд Л.Болдоос дараах зүйлийг тодрууллаа.

-Энэхүү шийдвэрийн давуу тал юунд оршиж байна вэ?

-Манай хоёр улс энэ сарын эхээр эхний ээлжинд дипломат паспорт эзэмшигч иргэдийг харилцан визээс чөлөөлөх хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан нь ирээдүйд хоёр улсын иргэд визгүй зорчих үндэс тавигдаж байна гэж үзэж болно. Иймд ийнхүү ХБНГУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчино гэдэг нь цагаа олсон шийдвэр болж байна. Хэдийгээр энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд хүчтэй нөлөөлөхгүй байж болох ч мэргэжлийн өндөр түвшний инженер, эмч, эрдэмтэн, өргөн хүрээг хамрах бизнесийн төлөөлөлгчид гэх мэт манай улсад ашигтай олон тооны хүмүүсийн урсгалыг эх орондоо татах давуу талтай.

-Өөр улсад визгүй зорчих асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Манай яамны гадаад бодлогын чиглэлээр тавьсан хамгийн эхний зорилт бол Монгол Улсын иргэдээ гадаадын орнуудад визгүй зорчих нөхцөл бололцоог хангах явдал юм. ОХУ, АНУ, ХБНГУ, БНСУ, Япон зэрэг улсуудад визний хөнгөлөлт, чөлөөлөлт болон цаашлаад визгүй болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа. Энэ дээр бүрэн эрхийнхээ хугацаанд тодорхой ахиц гаргана гэдэгтээ итгэлтэй байна.

-Бүрэн эрхийнхээ хүрээнд хэчнээн улсад визгүй зорчих боломжийг нээнэ гэж бодож байна вэ?

-Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсад визгүй зорчиж байна. Энэ тоог хоёр дахин нэмэхийг зорино. Гэхдээ хамгийн чухал нь чанарын асуудал байгаа. Манай улсын иргэд хамгийн ихээр зорчидог, эдийн засгийн түншлэгч орнуудад энэхүү асуудлыг судлах болно.

-Визгүй зорчиж байгаа орнуудад гарч байгаа манай улсын иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Манай улсын иргэд нэг хэсэг хууль бусар үлдэх, хөдөлмөрлөх зөрчил гаргадаг байсан. Харин энэхүү зөрчил нь одоогоор гайгүй болж байна. Цаашдаа манай иргэд зөрчил дутагдал гаргахгүй байх нь бусад иргэддээ том буян болж байгаа юм.

-Зарим элчин сайдууд хэрэгт холбогдож, шалгагдаж байна. Танайхаас ямар хариуцлага тооцох гэж байна.

-Элчин сайд бол төрийн албан хаагч. Тодорхой зөрчил дутагдал гаргасан бол хариуцлага тооцох болно. Элчин сайдуудыг УИХ-иар оруулаад Ерөнхийлөгч томилж байгаа. Харин хариуцлага тооцох тогтолцоог Гадаад харилцааны яам хариуцаж байна.

Мөн энэ үеэр ХБНГУ-ын элчин сайд Петер Шаллертээс дараах зүйлийг тодруулсан юм.

-ХБНГУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой боллоо. Харин манай улсын иргэд ХБНГУ-д визгүй зорчих боломж байгаа юу?

-Монгол Улсын Засгийн газраас гаргаж байгаа энэхүү шийдвэр бидэнд томоохон санаа өгч басхүү түлхэц боллоо. Бид Монгол Улсын иргэн ХБНГУ-д визгүй зорчих асуудлыг өөрсдийн хэмжээндээ судлах болно. Гэхдээ үүнд ганц зүйлийг анхаарах ёстой. Учир нь ХБНГУ нь ганц Герман улсын визийг хариуцдаггүй бөгөөд Шенгений орнуудыг бас хариуцдаг. Иймд Шенгений хэлэлцээрийн орнуудтай хэлэлцээр явуулах шаардлага гарч байгаа юм. Үүний дараа бид тодорхой шийдэлд хүрч, эерэг шийдэлд хүрэх болно.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ