Гадаадад суугаа Монголчууд 68.2 хувийн ирцтэй саналаа өгчээ

Өнөөдөр СЕХ-ноос мэдээлэл хийлээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа санал өгсөн бөгөөд 39 салбар комисст 6248 иргэн бүртгүүлснээс 6233 нь бичиг баримтын зөрчилгүйгээр саналаа өгөх боломжтой байжээ. Харин гурван өдрийн турш 4248 сонгогч саналаа өгснөөр гадаад дахь монголчуудын сонгуулийн ирц 68.2 хувьтай өндөрлөсөн байна. 2012 оны УИХ-ын сонгуулиар гадаадад байгаа монголчууд сонгуульд саналаа өгөх боломжтой болсон бөгөөд энэ удаагийн сонгуульд саналаа өгөхөөр бүртгүүлсэн болон саналаа өгсөн иргэд даруй 50 хувиар өссөнийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцоллоо. Мөн ирэх долоо хоногийн лхагва гаригт болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлууд хангагдаж байгаа талаар мэдээлэв. 1896 хэсгийн хороонд 15863 төрийн албан хаагчид ажиллах бөгөөд мэдээлэл технологийн 146 хүний бүрэлдэхүүнтэй, 31 баг, автомат машины ажиллагааг хариуцах 2271 хүн ажиллахаар болжээ.

Мөн ирэх долоо хоногт багтаагаад хэсгийн хороодод, сумдад автомат машиныг хүргүүлж дуусах юм байна. Саналын хуудсыг 14 хоногийн турш гурван намын 96 ажиглагч нарыг оролцуулж хэвлүүлсэн байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ