МУБИС-ийн оюутнуудын дадлагыг улсын төсвөөс санхүүжүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар багш болох хүсэлтэй элсэгчдийн онооны босгыг нэмэхээр шийдвэрлэжээ. Учир нь энэ сургуульд хамгийн сул оноотой хүүхдүүд элсдэгээс гадна 2012-2013 онд Улаанбаатар дахь элсэгчдийн 59.5, Ховд их сургуулийн элсэгчдийн 88.5, Дорнод дээд сургуулийн элсэгчдийн 96.8 хувь нь 600-гаас доош оноо авсан байна.

Өөрөөр хэлбэл багш болох хүсэл сонирхолтой, авьяас чадвартай элсэгчдийг сонгон шалгаруулах механизмгүйгээс ийнхүү тааруу сурлагатнууд багшийн мэргэжлийг сонгох болжээ. Анхаарал хандуулах ёстой өөр нэг асуудал бол элсэгчдийн хүйсийн харьцаа. Сүүлийн жилүүдэд шинээр бэлтгэгдсэн багш нарын 6-24 хувь нь л эрэгтэй байна.

Тиймээс багш бэлтгэхдээ суралцагчдыг төгсөөд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт таваас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах үндсэн шаардлага тавихаар болжээ. Мөн багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд элсэгчийг ЭЕШ-д 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70 хувь,түүнээс дээш оноо авбал 100 хувьчөлөөлөхөөр болсон.

Түүнчлэн оюутнуудын багшлах дадлагыг зөвхөн нийслэл болон тухайн сургууль байрлах газруудад хийх нь чанар бууруулдаг. Тиймээс хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн, дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргалаа.

2012-2013 оны хичээлийн жилд багш бэлтгэдэг төрийн өмчийн гол гурван сургуульд 2550 орчим оюутан элсэн суралцжээ. Одоогийн байдлаар МУБИС-ийн 12 салбар сургуульд 40 мэргэжлээр, Ховд их сургуульд 18 мэргэжлээр, Дорнод дээд сургуульд долоон мэргэжлээр багш бэлтгэж байна.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ