Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг УИХ-д өргөн мэдүүллээ


Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын дэд дарга Л.Цогд өргөн барилаа. Энэ тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах учиртай. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2012 оны гүйцэтгэлээр 4.88 их наяд төгрөгт хүрчээ. Ингэснээр орлогын төлөвлөгөө 755.7 тэрбум төгрөгөөр буюу 13.4 хувиар тасарсан байна. Энэ нь 2011 оны мөн үеийнхээс 15.5 хувиар буюу 653.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Харин нийт зарлагыг 6.49 их наяд төгрөгөөр тооцоолж байсан ч 6.01 их наяд төгрөг буюу 92.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.
Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд нэгтгэн гаргаж, Үндэсний аудитын газарт хүргүүлэн холбогдох дүгнэлтийг гаргуулан, Засгийн хуралдаанаар хэлэлцсэн гэж мэдэгджээ.
Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн тавдугаар сарын 10-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлэх бөгөөд төрийн аудитын төв байгууллага нэг сарын дотор аудит хийж, Засгийн газар аудитын дүгнэлт гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг аудитын дүгнэлтийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр хуульчилсан.
Д.Амар
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ