Германы Өргөдлийн байнгын хорооныхонтой уулзлаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны хамтарсан уулзалт боллоо. Уулзалтад Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд дарга Геро Шторжоханн тэргүүтэй төлөөлөгчид, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Бурмаа, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа болон албаны бусад хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Бурмаа “Байнгын хороо иргэдийн өргөдлийг онлайнаар авдаг болох асуудлыг судалж байна. Ирж байгаа өргөдлийн дөнгөж 37 хувь нь УИХ-ын бүрэн эрхэд хамааралтай байгаа нь иргэд ямар асуудлаар, аль шатанд, хаана, хэнд өргөдөл гаргах талаар мэдлэг муутай байгааг харуулна. Харин Өргөдлийн байнгын хороо орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлтэй холбоотой хохирогчдын асуудлаар хяналтын хэлэлцүүлэг хийсэн нь үр өгөөж сайтай ажил болсон” гэв.

ХБНГУ-ын Бундестагийн Өргөдлийн байнгын хорооны дэд даргыг дагалдан тус хорооны гишүүд болох ноён Клаус Хагеманн, Манфред Нинк, Холгер Крестель, хатагтай Аннетте Шутц нар хүрэлцэн ирсэн байна. Хүндэт төлөөлөгчдийн зарим нь Бундестагийн гишүүн байсан бүх хугацаандаа Өргөдлийн байнгын хороонд ажилласан бол 19 жил гишүүнээр ажиллахдаа 17 жилийг нь мөн хороонд ажиллаж, энэ чиглэлээр чадваржсан, өндөр туршлагатай хүмүүс байгааг танилцуулсан. Тэд Өргөдлийн байнгын хороо нь Парламентад маш чухал үүрэгтэй, үнэхээр их ажиллагаа шаарддаг байнгын хороо байдаг гэдгийг онцолж байлаа.

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, тус байнгын хорооны гишүүн С.Одонтуяа Германы төлөөлөгчдөөс хэд хэдэн асуулт асуув. Тухайлбал, манай иргэдийн дунд өргөдөл гомдлоо гаргах соёл төдийлөн төлөвшөөгүй байдгаас шууд гишүүнд хандсан өргөдөл, мөн байр орон сууц, эрүүл мэндийн, сургалтын зардал хүссэн ахуйн чанартай өргөдөл давамгайлах хандлагатай байдаг. Тиймээс Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааг олон нийтэд таниулж, сурталчлах танай хамгийн сайн арга туршлага юу вэ, мөн Өргөдлийн байнгын хорооны шийдвэрийг Засгийн газар нь хэрэгжүүлэхгүй байгаа тохиолдолд хариуцлагын ямар механизм үйлчилдэг талаар тодорхой хариулт авахыг хүссэн юм.

Бундестагийн гишүүдийн хувьд нэг хатуу зарчим байдаг нь гишүүн бүрийн толгойд гүн суусан байдаг. Юу гэхээр Бундестагийн гишүүд бол хууль тогтоох засаглалыг гартаа барьж байгаа. Бид Засгийн газрыг гуйх ёсгүй. Тиймээс бид намын бүлгүүдээр дамжуулан хүссэн хуулиа батлуулж чаддаг. Танайтай адил бид өргөдөл гомдлын 30 хувийг Засгийн газарт асуудал болгон тавьдаг ч бидний шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлдэггүй зовлон манайд ч бас байна. Гэхдээ Өргөдлийн байнгын хороо бол Засгийн эрхийг аль нам барьж байгаагаас үл хамааран хамгийн их ачаалалтай ажилладаг. Мөн Өргөдлийн байнгын хороог олон нийтэд зөв таниулахад “аман мэдээлэл” гэсэн ойлголтыг бид өргөн хэрэглэдэг. Энэ нь гишүүн бүр тойрогтоо, сонгогчидтойгоо ажиллахдаа Өргөдлийн байнгын хорооны тухай богинохон мэдээллийг заавал өгдөг бөгөөд энэхүү мэдээллийг тогтмол хийдэг хэмээн Германы Өргөдлийн байнгын хорооны гишүүд өөрсдийн туршлагаасаа ярилаа.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ