Автобус, тролейбусыг импортын НӨАТ-аас чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилээс ихгүй хугацаанд ашигласан автобус, троллейбусыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталжээ.

Импортлох автобус, троллейбусны харгалзах кодыг шинэчлэх, мөн хууль, тогтоолын хэрэгжих хугацааг 2014 оны нэгдүгээр сарын 1-нээр баталлаа. Ингэснээр нийтийн болон хот хоорондын тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийгдэх, Замын хөдөлгөөний түгжрэл багасах, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг энэ салбарт татан оролцуулах ач холбогдолтой юм.

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хөдлөх бүрэлдэхүүний парк хуучирсан, хүн амын зорчигч тээврийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг их багтаамжийн автобусаар хангах шаардлагыг үндэслэн 2002-2006 онд Зарим төрлийн бараанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй байх тухай хуулиар автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн.

Үүнээс хойш нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоо 40 хувиар нэмэгдэж парк шинэчлэхэд нилээд ахиц гарсан. Гэвч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны парк ашиглалт 50 хувьтай байгаа боловч энэхүү үзүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад хангалтгүй, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны тоог нэмэгдүүлэх хэрэгцээ байсан тул энэхүү хууль батлагдсан.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ