М.Ичинноров: Аз жаргалаа олоход минь тусалсан зовлон шаналалдаа би талархсан

Хувь хүний хөгжлийн Инстиmутын захирал, хүний эрхийн хуульч М. Ичинноровтой бид ярилцлаа.

-Сүүлийн үед зарим хэвлэл мэдээлэлээр “М. Ичинноров эргэн ирлээ”, “АН-д элсчээ” гэх зэрэг мэдээлэл гарах болсон. Та Ардчилсан намд орсон юм уу?

-МАН-аас гарснаас хойш би аль нэг намд ороогүй, нам бус аж төрж байна.Хэвлэл мэдээллийнхэн намайг Ерөнхий сайд Н. Алтанхуягтай хамтран ажиллаж байгааг харчихаад тэгж бодсон байх л даа. Яагаад гэвэл тэр хүн Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн төдийгүй эрх барьж буй Ардчилсан намын тэргүүн хүн шүү дээ. Ингэж бодож байгааг ойлгож байна аа.

-Та 2012 оны сонгуулийн өмнө МАН-аас гарах сүр дуулиантай мэдэгдэл хийгээд гарсан. Тэгээд нэг хэсэг таг чимээгүй болоод дахин гарч ирлээ?

-Ер нь бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол МАН-д элссэн явдал байлаа. Тэнд байсан үеийн зовлон, гарсны дараа над дээр ирсэн хэл ам,гүтгэлэг энэ бүхэнд хэнийг ч би буруутгахыг хүсэхгүй. Энэ бол миний л хийсэн алдаа. Өөрийн буруу сонголтынхоо үр дагаврыг эдэлсэн зовлон шаналал байсан. Гэхдээ МАН-д надад элэгтэй хандаж байсан олон сайхан хүмүүсбий. Би тэдэнтэй одоо ч сайхан харьцаатай байдаг.

-Та сая зовлон шаналал гэж хэллээ. Энэ талаараа жаал тодруулаач?

-Өнгөрсөн он миний, ялангуяа ажил амжилт, карьерын маань хувьд яалт ч үгүй том уналтын үе байсан. Би тодорхой хугацаанд зовж шаналсан. МАН-д орсон сонголтынхоо үр дагавар болсон зовлон бэрхшээл, хэл амны хэцүүг туулж байгаадаа өөрийгөө маш ихээр буруутган шаналж байлаа. Ялангуяа намайг МАХН-д орсон гэж хүмүүст буруугаар ойлгуулахыг хичээж байсан нь бас хүнд үйл явц байсан. Харин энэ зовлон, сэтгэлийн их шаналалын үе маань намайг өөрийгөө дахин шинээр бүтээх чухал үе болсон. Алдаанаасаа суралцсан. Ухаарсан. Зовлон шаналал дундаасаа би өөрийгөө дахин шинээр нээж, аз жаргал бас олсон. Ер нь зовлон шаналал гэдэг бол их үнэ цэнэтэй зүйл гэж би ойлгосон. Ялангуяа хүний амьдралд уналт доройтлын үе байдаг. Амжилтад хүрсэн олон хүн ч уналт доройтол, зовлон шаналалын замаар алхсан байдаг шүү дээ. Энэ нь тэднийг хүчирхэгжүүлэх, хэлбэршүүлэх том процесс болдог юм байна. Зовлон туулсан хүн бусдын зовлонг сэтгэл зүрхээрээ мэдэрч тэдэнд туслах хүч нь илүү өгөөжтэй байдаг юм билээ.

-Таны талаар сенсаацтай мэдээллүүд гарч байдаг. Зарим нь үндэслэлгүй мэдээллүүд ч бий. Интернэтийн сэтгэгдлээр доромжлуулах ньтанд хэцүү байдаг уу?

-Хэцүү байлгүй яахав.Үг гэдэг маш их хүчтэй зэвсэг шүү дээ. Сайн үг хүнийг анагаадаг эм болдог бол муу үг хүнийг хурц сэлмээр огтлоод хаяж байгаатай яг адил.Ялангуяа эмэгтэй хүнийг хайр найргүй харгис гэмээр үгээр доромжилж нэр хоч өгдөг нь бидний соёл ахуйн илэрхийлэл болоод байна. Бид үүнийг өөрчлөх хэрэгтэй. Бид соёлтой ард түмэн байх ёстой. Бусдыг шүүх амархан. Харин ойлгох нь маш чухал байдаг.Бусдыгдоромжлоод сууж байгаа хүмүүсийн өмнөөс би их харамсдаг.Гэхдээ би тэднийг дотроо ерөөдөг.Би энэ хүмүүсийг уучилж байна гэж өөртөө хэлдэг. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шүү дээ. Зөвхөн үйлдэл биш бас хэлсэн үг бүрийнхээ төлөө хариуцлага үүрдэг цаг хүнд заавал ирдэг. Тэхээр хүмүүс маань соёлтой, хүнлэг, энэрэнгүй, бусдыг хайрлан хүндэлдэг байгаасай хэмээн би хүсдэг.

-Таны амнаас зовлон шаналал гэдэг үг хэд хэдэн удаа давтагдаж гарсан нь сонирхол татлаа.Гэхдээ та аз жаргалтай байна гэж хэлсэн нь бүр ч илүү сонирхолтой санагдав. Тэхээр хүн зовлон шаналалын дундаас аз жаргалыг олдог юмуу гэж бодогдлоо?

-Хүнд сонин сонсогдож магадгүй л дээ. Миний хувьд аз жаргалаа олоход минь тусалсан зовлон шаналалдаа би талархсан.Аз жаргал гэдэг нь хүний амьдралд байдаг материаллаг зүйлээс ирдэггүй, хүний сэтгэл зүрх, оюун бодлын тусгал гэдгийг ойлгосон.Ер нь хүн зорьсондоо хүрчихээд, амьдралд тийм тийм зүйлтэй болчихоод, сайхан хань, үр хүүхэдтэй болчихоод, сайн сургуульд сурчихаад, том компани байгуулчихаад аз жаргалтай болно доо гэж боддог.Гэтэл хүн өөрийн оюун бодлоо өөрчилж, өөрийгөө болон амьдралыг үзэх үзлээ өөрчлөн, өөртөө болон амьдралд итгэх итгэлээ олох тэр үед, байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бөгөөд амьдралынхаа эцсийн зорилго хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэн тэмүүлж, дуртай ажлаа хийж байхдаа аз жаргал,сэтгэл хангалуун байдлыг мэдэрч болдог юм байна гэдгийг ойлгосон. Өөрөө би чухам хэн бэ гэдгээ, өөрийнхөө үнэ цэнийг танин мэдэх процесс нь бас зовлон дунд бүрэлдэж биднийг улам хэлбэршүүлэн хүчирхэгжүүлж байдаг нь бидний хувьдамьдралд, бас хүмүүст хандах хандлагаа өөрчлөхөд нөлөөлдөг учраас аз жаргалаа олох чухал процесс байдаг юм байна. Хүмүүст аз жаргалаа, сайн сайхан амьдралаа олоход нь тусалж буй энэ ажил маань надад сэтгэлийн маш их таашаал, аз жаргалыг мэдрүүлсэн.

-Та чинь ер нь аз жаргал, амжилт, сайн сайхан амьдралын талаар ярихаар ихээхэн бэлтгэгджээ гэсэн сэтгэгдэл надад төрлөө. Тиймдээ ч Ерөнхий сайд Н. Алтанхуягтанд итгэж найдан та бүхний хэрэгжүүлж буй хувь хүний хөгжлийн “Амьдрах ухаан- Амжилтын хөтөч” төслийнхөө удирдагчаар ажиллуулж байгаа юм байна даа гэж бодогдож байна?

-Ерөнхий сайдын хувьд миний Монголын төлөө, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэл, эрмэлзлэл, хүсэл тэмүүлэл, бас түүнийхээ төлөө олон сайхан төсөл хөтөлбөрүүдийг санаачлаад яваад байгааг их үнэлсэн л дээ.Зөв сэтгэлгээтэй бас бүтээлч эмэгтэй байна шүү гэж хэлсэн үгэнд нь би маш их урамшин боссон. Хүнийг алдсан дээр нь гээд түлхдэг биш тэр хүний дотор байгаа үнэ цэнэ, энэ улс оронд зориулж чадах тэр их потенциалыг танин мэдэж, итгэл хүлээлгэдэг нь сайн удирдагчийн шинж болов уу.Энэ дашрамд эх орныхоо хөгжил, дэвшлийнгол түлхүүр нь хувь хүний хөгжил гэдгийг олж харж чадсан, түүний төлөө энэ сайхан төслийг идэвхтэй дэмжин ажиллаж байгаа шинэчлэлийн засгийн газрынтэргүүн, түүний багт нь монголчуудынхаа өмнөөс халуун талархал илэрхийлмээр байна.Миний хувьд энэ агуу үйлсэд үйлчилж байгаагийнхаа төлөө баяртай байна.

-Та төслийнхөө талаар товчхон тайлбар өгөх үү?

-Нийгмийн сайн хүнээсээ гэж Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийнхэлсэн үг надад шинэ хараа, мөрөөдлийг хэрэгжүүлж, үүнийг төрийн бодлого болгож ажиллах урам өгсөн. Хувь хүний хөгжлөөс нийгмийн хөгжил дэвшил хамаарна. Хувь хүний хөгжлийн Институт байгуулагдаж, Монгол Улсын Засгийн газартай хамтарсан Хувь хүний хөгжлийн зөвлөл байгуулагдлаа.Зөвлөлийн даргаар нь Ерөнхий сайд өөрөө ажилллаж байна.Хүмүүсийнхээөөртөө итгэх итгэл, дотоод нөөц бололцоо, билэг, авьяасаа нээн илрүүлэх, амьдралынхаа зорилго, утга учрыг танин мэдэх, алсын хараа, мөрөөдөлтэй амьдарч, хувь тавилангаа зохиох хариуцлагатай болох, амьдралын боломжуудыг олж харж, түүнийг ашиглах эр зориг, хувийн сахилга баттай байх, ирээдүйгээ, амжилтаа төлөвлөж, зохион байгуулж сурахад туслах зорилготойгоор хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөр маань Монгол Улсын хөгжлийн чухал хөтөлбөр байх юм.Өөртөө итгэх итгэлээ олж, үнэлэмжээ бий болгох, амьдралын зорилгодоо төвлөрсөн утга учиртай, төлөвлөгөөтэй амьдралыг бүтээх шинэ хүсэл тэмүүлэл, итгэл, урам зоригтой болох,хүмүүсийг хойш нь татдаг хуучин муу зуршлуудаасаа салах нь амьдралаа өөрчлөх гол түлхүүр юм.Гуравхан сарын дотор 800 гаруй хүнд танхимаар сургалтаа хүргэн аз жаргалтай, амжилттай, сэтгэл хангалуун амьдрал, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замыг нь тавьж өгсөн төдийгүй төрийн байгууллага, бизнесийн салбарт хувь хүний хөгжлийн сургалтуудаа хүргэж байна.

-Таны мэргэжлийн сэдэв рүү хоёулаа жаахан орье. Хүний эрх, шүүх засаглалын шинэчлэлийн төлөө та олон жил ажилласан. Мэдээж энэ бол маш хүнд талбар. Одоо хийгдэж буй шинэчлэлийн үйл ажиллагаанд та ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

-Тийм ээ. Энэ үйлсэд залуу насаа зориулж, бор зүрхээрээ зүтгэсэн он жилүүдийг маань хүмүүс мэднэ байх аа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд хамаарагддаг шүүх засаглал бол маш чухал салбар. Шүүх засаглал шударга, хараат бус, хүмүүнлэг байж гэмээнэ хүний эрх хэрэгжих баталгаа хангагдаж, авилгаас ангижирч, хүмүүсийн нуруу тэнийдэг. Энэ үйл явц өнөөдөр өрнөж байна. Шүүх эрх мэдлийн салбарт дорвитой шинэчлэлүүд хийгдэж эхэллээ. Шүүхийн тогтолцоог илүү чадавхжсан, мэргэшсэн бас хүнлэг байлгах тал дээр анхаарч эхэлснээс гадна авилгалтай тэмцэх үйл ажиллагаа ард түмэнд итгэл төрүүлж эхэллээ. Мэдээж олон жил бугшиж байсан идээ бээрийг цэвэрлэх, сэтгэлгээний хоцрогдлоос гаргахад маш их хүч, цаг хугацаа хэрэгтэй. Тийм ч учраас одоо хийгдэж буй авилгалтай тэмцэх бодит үйл ажиллагааг улам илүү үр дүнд хүргэх нь Ерөнхийлөгчийн маань хувьд үргэлжлүүлэн хийж үр дүнд хүргэх ёстой чухал ажлуудын нэг яахын аргагүй мөн. Ингэж байж улс орны маань эдийн засаг цэцэглэн хөгжинө шүү дээ.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ