Улстөрд зодоглосон бөхчүүд

УИХ-ын 75 дахь гишүүнээр аварга Д.Сумъяабазар сонгогдож, Төрийн ордонд суух нь нэгэнт тодорхой боллоо. Кёкүшюзан Б.Батбаяр булган сүүлтэй байж нэг намын хамтран зүтгэгчдээ бус бөхөд хайртай гэдгээ харуулж, түүнд өөрийн орыг залгах боломжийг “олголоо”. Ийнхүү монгол түмний хайртай бөх ард түмнийг төлөөлөх гишүүн болсноор улстөр дэх бөхчүүдийн цувааг үргэлжлүүлж байна.

Ардчилсан хувьсгал ялсны дараахан, цэнгэлдэхийг шуугиулж байсан ногоон дэвжээний их хоёр аварга 1990 оны ардын депутатад нэр дэвшиж, улс төрийн карьераа эхлүүлсэн нь өнөөгийн их аваргуудын төрийг түшилцэх үүдийг нээж байв.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга, олимпийн мөнгөн медальт Хорлоогийн Баянмөнх 1972 онд Улаанбаатар хотын депутат болсон нь бөхчүүдийг улстөрийн амьдралд уруу татсан гэхэд хилсдэхгүй.

Түүний хувьд түүхийн багш мэргэжил нь улс төрийн амьдралтай холбогдоход ихээхэн нөлөөлсөн. Тэрээр 1990 онд АИХ-ын депутат болоод, дараа нь УИХ-д нэр дэвшсэн. Гэвч Увсын ард түмэнд түүнд итгэл үзүүлээгүй учир түүний улс төрийн амьдралд цэг тавигдаж байв.

Ийнхүү Х.Баянмөнх аварга АИХ-ын депутат болсныг сонссон журмын нөхөр, мөнхийн хүчтэй “өрсөлдөгч” Монгол Улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар, дархан аварга, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат түүнтэй “барьцаж” Төв аймгаас нэр дэвшиж мөн л улс төрийн амьдралаа эхлүүлсэн. Х.Баянмөнх аварга депутатаар сонгогдсныхоо дараа түүний шавь нь хоёр эхнэртэй болох хууль санаачилж, түүний төлөө Ж.Мөнхбатынхаа хамт санал өргөж байсан удаатай. Гэвч энэ нь дэмжигдээгүй юм.

Ийнхүү спорт, улс төрийг хослуулах эхлэлийг тавьсан тэдний араас Монгол Улсын гавъяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ шийрийг нь хатааж 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр удаа дараалан гурван удаа сонгогдоод байна. Хуульч мэргэжилтэй түүний хувьд бөхчүүд дундаа толгой цохиж, гурван парламентын нүүрийг үзэж сууна. Аргагүй л туршлага зааж, түний нэр Ерөнхийлөгчийн сонгуульд ч хүч үзэх эрхмүүдийн дунд дурдагдаад байгаа. Түүний хувьд энд тэндхийн бүлэг, эвсэлтэй хамтарч хууль санаачилсан сүүлийн хэдэн сар ганцаараа Оюутолгойн гэрээний асуудлаар дуугарч эхэлснээрээ олон нийтийн талархлыг хүлээгээд байна.

Харин Японы сүмогийн мэхний их “дэлгүүр” хэмээн цоллогдож асан кёкүшюзан Ц.Батбаяр спортдоо цэг тавьсаныхаа дараахан улс төрийн карьер хөөж, Сонгинохайрхан дүүргээс гишүүнээр сонгогдож байв. Тэрбээр өнгөрсөн 2012 оны УИХ-д мөн тус тойргоосоо нэр дэвшсэн ч сонгогчид нь түүнийг алгассан юм.

Нэг үе хоёр эхнэртэй хуулийн төлөө гараа өргөж байсан бөх улстөрчдийн цуваа ийнхүү Монгол Улсын аварга Долгорсүрэнгийн Сумъяабазараар  үргэлжилж байна.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ