Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ойн бэлэг

Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн ой ирэх долоо хоногт тохиож байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхий сайд томилогдож наймдугаар сарын 20-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдаар томилсон.

Чуулганы нэгдсэн хуралдааны танхимын индэр дээрээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг “УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд АН, ИЗНН, МАХН-МҮАН-ын "Шударга ес" эвслийн Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ эмхлэн байгуулагдаж их ажилдаа ханцуй шамлан орох цаг үе ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүмүүсийн бус харин Монгол орон, монгол хүн бүрийн ашиг сонирхлын төлөө ажиллана. Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэж биш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно.Шинэчлэлээр овоглосон шинэ Засгийн газарт УИХ-ын гишүүд түлхүү орж ажиллахаар болсон. Шинэчлэл бүр шинэ хуулийн орчин, шинэ зохицуулалтыг шаардах учир ирэх дөрвөн жилд Их Хурал, Засгийн газар нэг хүн шиг нэг баг болж ажиллах бодит шаардлага тулгарч байгаа тул бид танхимаа ийм зарчмаар бүрдүүллээ” хэмээн мэдэгдэж байсан.

Анх хоёрхон жилийн настай хэмээн яригдаж байсан ч Ерөнхий сайдын болчимгүй үйлдэл, бодлогогүй үгнээс болж түүнийг огцруулах асуудлыг хөндөөд байгаа. Энэ асуудал ч ирэх намрын чуулганаар хэлэлцэгдэхээр болсон.

Харин эрхэм Ерөнхий сайд маань ийнхүү өөрийн тэргүүлсэн Шинэчлэлийн гэх сүржин тодотголтой Засгийн газрынхаа нэг жилийн ойг тэмдэглэх нь. Засгийн газрынхаа 100 өдрийнхөө ажлын тайланг тавьж, золтой л баяр наадам хийчихээгүй. Харин энэ удаад нэг насны ойгоо хэрхэн тэмдэглэх бол гэдэг нь сонин байна.

Валютын үнийн хөөрөгдөл, гадаадын хөрөнгө оруулалт буурсан үзэгдэл болон төсвийн алдагдал нь түүнд нэг насны ойн баярын бэлэг болж байгаа бололтой.

Хийсэн бүтээсэн бүхэн энэхүү гурван асуудалд нугачин дарагдаж, бүдгэрнэ. Арга ч үгүй дээ, Засгийн газар эдгээр асуудалд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна.

“Валютын үнийн хөөрөгдөл бол миний мэдэх асуудал биш. Монголбанк энэ асуудалд анхаарлаа хандуулж, хариуцлага үүрнэ” хэмээн мэдэгдсэн. Бас болоогүй ээ, Монгол Улсын иргэн бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Тавантолгойн дампуурлыг бахдалтайгаар зарласан.

Өнөөгийн нийгмийн болж бүтэхгүй, алдаа бүхэн өмнөх Засгийн газрын хийсэн ажлын үр дүн хэмээн хэлнэ. Гэтэл тэрбээр хамтарсан Засгийн газар байгуулахад Шадар сайдаар томилогдож, эдгээр бүх гэрээ хэлэлцээрт хамтран ажиллаж, гарын үсгээ зурж байсан нэгэн. Магадгүй үүнийг Н.Алтанхуяг мартсан бол монголын ард түмэн мартаагүй байх аа.

Гэтэл өнөөдөр ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг бултайж байгаа буруу бүхнийг бусад руу чихэж, нэр цэвэр хүн л үлдэх санаатай. Тэрбээр өмнөх Засгийн газрын үед Хятадын “Чалко” гэдэг компанитай нүүрс нийлүүлэх гэрээ хийж, 350 сая ам.доллар урьдчилж авсан хэлэлцээрийг ахалж ажиллаж байсан.

Монгол Улс "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжаалахад зөвлөгөө өгөх, зохион байгуулах банкуудыг тодруулсан юм. Энэ ажлыг зохион байгуулагч спонсороор Германы "Дойче Банк", АНУ-ын “Голдман Сакс" банкуудыг сонгосон байдаг. Харин энэ үеэр зарим эдийн засагчид Монголын тал Тавантолгойн хувь заяаг XXI зууны эдийн засгийн “алуурчин”-д даатгалаа хэмээж байсан удаатай. Үүнийг тэрбээр огтхон ч тоогоогүй. Гэтэл өнөөдөр тэрбээр дампуурлыг зарлаж, баярлаж сууна.

Үнэхээр өнөөгийн Шинэчлэлийн Засгийн газар нэг жилийг үдэж байна. Гэтэл түүний ойн бэлэг нэлээд тааруухан байх бололтой. Хариуцлага үүрэх дургүй Засгийн газрын хувь тавилан яах бол.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ