Г.Баярсайхан: УИХ-ын ээлжит бус чуулган яаралтай хуралдах ёстой

МАН-аас валютын үнийн хөөрөгдлийг тогтоох барих, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлэх зэрэг улс орны өмнө тулгамдаад байгаа нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлууд тулгараад байгаа учир УИХ-ын ээлжилт бус чуулганыг яаралтай хуралдуулахыг шаардаад байгаа. Энэ талаар УИХ-ын зарим гишүүдээс тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Намчирхах шаардлагагүй

Би амралтаа энэ сарын 1-нээс авсан. Хөдөө орон нутгаар явж амарч байна. Миний хувьд Засгийн газарт амрах эрх байхгүй. Хилийн манаанд зогсч байгаа цэрэг хилээ орхих эрх байдаггүйтэй адил юм.

Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын үнэ хөөрөгдөж, Оюутолгойн асуудал, нүүрсний экспорт зэрэг нэн шаардлагатай хэлэлцэх асуудал байгаа энэ үед УИХ-ын ээлжит бус чуулган яаралтай хуралдах зүйн хэрэг мөн.

Энэ асуудалд намчирхаад байх шаардлагагүй. Сөрөг хүчин болох МАН-аас ийм ажил санаачилж байгааг би хувьдаа дэмжиж байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт: Ховд явлаа

Миний хувьд одоо Ховд аймаг руу ажлаар явах гээд Нисэх буудал дээр байна.

УИХ-ын ээлжит бус чуулганы тухайд яаралтай хэлэлцэх асуудал байгаа бол хуралдах зүйтэй гэж үзэж байна.

Гэхдээ хэлэлцэх асуудлаа тодорхой болгох ёстой.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хуралд оролцоод ирлээ

Миний хувьд Африкт олон улсын хуралд оролцоод ирлээ. Одоогоор Хэнтий аймагт байна.

МАН-аас УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар шаардаж байгаа талаар тодорхой мэдээлэлгүй байна.

Гэхдээ улс эх орны өмнө тулгамдаад байгаа чухал асуудлаар хуралдах юм бол татгалзах зүйл байхгүй ээ.

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ