Эдийн засгийн хөгжлийн сайдын “тэнэглэл” хэзээ бол

Намчирхалаас болж Монгол Улс “дампуурч” болзошгүй аюул тулгараад байна. Улс эх орны өмнө эдийн засгийн хүндхэн байдал үүсээд байхад Засгийн газраас тэргүүн нь өөрийн бус өрөөлийн алдаа хэмээн буруутныг дотроосоо бус гаднаасаа хайж сууж байна. Гэтэл түүний араас 1700 орчим иргэн ажилгүй болчихоод сууж байхад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд нь “МАН-ынхан өмнө нь засгийн эрх барьж байхдаа олон будлиан тарьж байсан. Харин одоо иргэд, сонгогчдоос оноо авах гэж ийм зүйл ярьж байгаа юм. Засгийн газрын гишүүд ажлаа хийж байгаа. Бид улс орны нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд дүгнэлт хийгээд бодлогоо тодорхойлоод ажиллаж байна” хэмээн мэдэгдэл хийж байх юм.
Угтаа бол том толгой гаргаж, мэдэгдэл хийж суух бус яаж энэ хүнд нөхцлөөс хэрхэн гарах тухай толгой гашилгаж суух ёстой. Жилийн дотор эдийн засаг тогтворгүйжиж, ам.долларын ханш хямралын үеийнх хүртэл нэмэгдэж, төсвийн алдагдал ихсэж, гадаадын хөрөнгө оруулалт 60-40 хувь буурч байгаа энэ хүнд цаг үед Шинэчлэлийн Засгийн газрын юу хийх нь тодорхойгүй байгаа нь гайхшрал төрүүлээд байна.
Бас болоогүй ээ, Уул уурхайн сайд нь энэ хүнд нөхцөл байдлыг ийнхүү тодорхойлжээ. “Нийт эдийн засаг хямарч байна гэж хий сандрах хэрэггүй. Эдийн засаг хэт халснаас болж аажмаар хөрч, өсөлтийн хэвийн тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэв. Арга ядсан хэлэх л үг. Гэхдээ ингэж хэлснээрээ эдийн засгийн хүнд байдлаас гарч чадахгүй. Үүнээс гадна Оюутолгойн далд уурхай зогсоогүй гэдэгт бат итгэлтэй байна гэх нь холгүй мэдэгдэж байтал маргааш үйл ажиллагаагаа зогсоож, ажилтнууддаа тушаалыг “гардуулж” байсан. Уурхай хаагдсан зүйл бол гэнэтийн үзэгдэл бус өмнө нь тодорхой болчихсон байсан.
Эдийн засагчид нь ар араасаа анхааруулга өгч байхад сайд нь намчирхал ярьсан шигээ зөөлөн сэнтий дээрээ сууж байгаа нь өнөөгийн монголын улс төрийн эмгэнэл. Ерөнхий сайд нь өмнөх Засгийн газрын алдаа завхрал одоо илэрч байна хэмээн мэдэгдэж, валютын үнийн хөөрөгдөл Монголбанк мэдэх асуудал хэмээн ярьж байсан удаатай. Араас нь ийнхүү чухал хоёр салбарын сайд нар ийнхүү том “тэнэгтэж” байна. Одоо Эдийн Засаг хөгжлийн сайдын тэнэглэл л дутуу байна даа.
Улс эх орны эрх ашгаас илүүтэйгээр намын эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг ийм нөхдүүдэд төрийн жолоог атгуулсандаа монголын ард түмэн харамсч байгаа байх аа.
Төрийн эрхийг авсан аль нэг улс төрийн хүчин цэвэрлэгчээс эхлүүлээд даргыг нь хүртэл солигдох сонин тогтолцоог бүрдүүлээд байна. Үүнийгээ тэд багаа бүрдүүлж байна гэж цэвэрхэн нэрлэдэг. Үнэндээ бол үүний цаанаа нөгөө улс эх орны эрх ашгаас илүүтэй намын эрх ашиг тэргүүн эгнээнд байгааг харуулж байгаа юм. Төрийн томчууд нь алхам бүртээ намчирхаж байхад доод албан тушаалтнууд ямархуу зан гаргах нь ойлгомжтой.
Өмнөх төрийн эрхийг барьж байсан улс төрийн хүчний хийсэн бүтээсэн зүйл бол өнөө цагт бол юу ч биш. Харин өнөө цагийн алдаа эндэгдэл өмнөхийн гай хэмээн үздэг тогтолцоог халах ёстой.
Магадгүй хэзээ нэгэн цагт энэ намчирхал гэдэг зүйлээс болж улс орны хөгжил доройтож, мөхлийг ирмэгт ирэх вий дээ, улстөрчдөө...
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ