Г.Шийлэгдамба: Н.Энхбаяр даргын оролцоо шаардлагатай олон асуудал байгаа

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа. Биеийн байдал ямар байгаа вэ?
-Хувь хүний эрүүл мэндийн тухай асуудал бол хувь хүний нууцтай холбоотой гэж үздэг учраас би нарийвчлан хэвлэл мэдээллий хэрэгслээр дэлгэж яримааргүй байна. Мэдээж биеийн байдал нь хүнд байгаа. Шаардлагатай хагалгаанд орсон. Одоогоор эмч нарийн хяналтад байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай байгаа эмчилгээнүүдийг хийж, дутуу байгаа оношуудыг тогтооно. Бүрэн байдлаар оношлогооны дүн гараагүй байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ намын даргын хувьд хоорондоо холбоотой байгаа. Биеийн байдал хурдан хугацаанд дээрдэх боломжгүй учраас тодорхйой хугацаанд шаардлагатай эмчилгээг хийнэ.
-Түүний дараагийн алхам юу байх бол гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна?
-Эрүүл мэндийн байдал нь нэн тэргүүнд тавигдаж байгаатай холбогдуулан ажлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, шийдвэрлэсэн зүйл алга байна. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учир ажил төрлийг хоёрдугаарт тавих ёстой гэсэн Н.Энхбаяр дарга ч бидний хувьд ийм байр суурьтай байгаа. Намын даргын оролцоо шаардлагатай маш олон асуудал байгаа. Гэхдээ энэ бүхнийг намынхаа хамт олонтойгоо ярилцаж, хэлэлцээд шийдвэрлэх ёстой. Намын даргын эрүүл мэнд тэдийд сайжирна гэдгийг хэлэх боломжгүй байна. Тэр нөхцөл байдал хэзээ бүрдэнэ тэр цаг үед намын даргынхаа хувьд үйл ажиллагаандаа оролцох боломжтой.
-Шинэчлэлийн Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандах боллоо. Эдийн засгийн хүнд байдал, валютын үнийн өсөлт, гадаадын хөрөнгө буурсан зэрэг нь Засгийн газрын алдаа хэмээн үзэх нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Манай нам тодорхой төлөөллөө энэхүү Засгийн газарт оруулан ажиллаж байгаа улс төрийн хүчин. Бид нам дээрээ өөрийн салбар хариуцан ажиллаж байгаа сайд нараа салбар салбарынхан чиглэлээр Гүйцэтгэх товцоонд мэдээлэл сонсож байгаа. Энэ хүрээнд эдгээр хүмүүсийн мэдээллийг авч байж үнэлэлт дүгнэлт өгөх зүйн хэрэг байх аа. Харин хувь хүнийхээ буюу өмнө Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсныхаа хувьд аливаа асуудалд бодитой хандах ёстой. Хэвлэл мэдээллээр олон чиглэлээр мэдээлэл гарч байна. Ер нь намар болоод ирэхээр улс төрийн зорилгоор Засгийн газартай холбоотой мэдээллүүд ихээр явдаг. Эдийн засгийн талаас нь авч үзвэл тодорхой баримт дээр үндэслэн хэлмээр байна. Саяхан “Ерөнхий сайдын 30 минут”-аар өнөөгийн нийгэм, эдийн засагтай холбоотой таван асуудлыг тавьсан. Гурав нь эерэг, хоёр нь сөрөг байна. Инфляци, дотоодын нийт бүтээгдэхүүний үнийн асуудал болон өмнөх оны эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөртэй харьцуулсан байдал гэсэн гурван асуудлын хүрээнд эерэг байна. Валютын ханшны өсөлт болон гадаадын хөрөнгө буурсан нь сөрөг болоод байна. Гэхдээ үүний төлөө ажиллаж байгаа гэж ойлгож байна. Санхүүгийн таагүй үйл явц бүхий л улсад байнга явагдаж байдаг. Засгийн газар эдийн засгийн хүнд байдлаас гарах бүхий л арга хэмжээг авч байна. Үр дүн нь энэ оны сүүлээр гарна.
МАХН-ын зүгээс энэхүү Засгийн газрын үйл ажиллагааг илүү тогтвортой байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Аливаа асуудлыг нураахад амархан. Буцаагаад эвлүүлэхэл хэцүү. Аль нэг улс төрийн хүчин дангаараа олонх болж чадаагүй энэ үед Засгийн газрыг тарааж, буцааж байгуулна гэдэг нь улс төрийн хувьд ихээхэн эрсдэлтэй явцыг бий болгодог.
Энэ олон хүнд байдлыг Засгийн газар дангаараа үүрэх ёсгүй. Гэхдээ өмнөх Засгийн газраас илүү шаардлага тавьж, шүүмжлэх ёстой. Тараах нь зүйтэй гэдэг байр суурьтай санал нийлэхгүй байна. Энэ бол хувь хүний бодол. Намын хувьд хамтран хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ёстой. Одоогоо манай намын хувьд энэ асуудлаар хэлэлцээгүй байна.
-Намын Гүйцэтгэх товчооны хурлаар намын дэд дарга болон ерөнхий нарийн бичгийн даргад хариуцлага тооцож, огцруулна хэмээн яриа гарсан байсан. Энэ үнэн үү?
-Гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудал хэлэлцэгдэнэ гэсэн тов байхгүй. Ер нь бол намын удирдлагуудтай холбоотой шүүмжлэл байнга үүсдэг. Энэ бол зохих ёсоор тавигдах асуудал. Аливаа сонгуулийн дараа үр дүнгээс хамаарч намын удирдлагуудад үнэлэлт дүгнэлт өгөх бол зарчмын асуудал. Үүнд эмзэглэх шаардлагабайхгүй. Ажил хойно алдсан оносон олон асуудал байгаа. Энэ асуудлыг намын нийт гишүүдийн дунд тавьж, хэлэлцэнэ. Гэхдээ хэлэлцэхдээ дүрэм журмын дагуу явна. Хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүс болон өөр улс төрийн хүчнүүдийн турхиралаар энэхүү асуудлыг шийдэхгүй. Хариуцлага хүлээх асуудал нээлттэй байгаа.
-Ц.Оюунбаатар гишүүний оронд Н.Энхбаяр УИХ-ын гишүүнээр сууна гэсэн яриа гараад байна?
-Ийм асуудал манай нам дээр яригдаагүй.
-Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны хэрэг шүүхэд шилжлээ. Намаас энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Э.Эрдэнэжамъян дэд сайдын холбогдоод байгаа асуудлыг сайн ойлгохгүй байгаа. Хоёр асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж ойлгосон. Нэг асуудал нь тодорхой процессийн явцад хэрэгсэхгүй болж, нөгөө асуудлаар эрүүгийн хэрэг үүсч шүүхийн шатанд байна. Э.Эрдэнэжамъян дэд сайд албан тушаалаа ашиглаж, эрүүгийн хариуцлага хүлээхээр ийм үйл ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл Интерполын цахим хуудасруу хэн чөлөөтэй нь хандаж болно. Хувь хүнийхээ хувьд энэ асуудалд хандсан гэж бодож байна. Тухайн үед манай намаас суугаа УИХ-ын гишүүд болон манай намаас ч гэсэн Интерполд хандаж байсан. Энэ эрх нь хүн бүхэнд нээлттэй байгаа. Нээлттэй байхад асуудал тавьсан хүн яагаад буруутан болох болов гээд логикийн хувьд алдаатай зүйл байгаа. Э.Эрдэнэжамъян дэд сайдын асуудалд улс төрийн ямар нэгэн байдлаас хандаж байгаа юм биш үү гэсэн хардлага манай намын гишүүдэд байгаа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ