Г.Уянга: Хувьсгал гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Шинэчлэлийн Засгийн газарт нэлээд шүүмжлэлтэй хандах боллоо. Эдийн засгийн хүнд байдал, валютын үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг нь Засгийн газрын алдаа хэмээн үзэх нийгмийн нэг хэсэг бүлэг хүмүүс байна. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Өмнөх үеэс үүдэлтэй хүндрэлүүд тохиолдолж байна. Нэг Засгийн газар гарахаар бүх хүн дахиж төрөөд, бүх юм шинээр бий болно гэж байдаггүй. Өмнөх Засгийн газраасаа уялдаатай юм зайлшгүй байгаа. Гэхдээ энэ бол хариуцлагаас зугтах шалтгаан биш. Валютын үнийн өсөлт, төгрөгийн уналт болон бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт бол бидэнд тулгарч байна. Үүнээс дүгнэхэд Монголбанк хариуцлагагүй ажлаа хийж чадахгүй байна. Иймд хариуцлага тооцох ёстой. Монголбанкны гол үүрэг бол валютын ханшийг тогтвортой барих. Гэтэл энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. УИХ-ын мэдлийн байгууллага учраас Монголбанктай хариуцлага тооцох хангалттай шалтгаан байна гэж үзэж байна. Ямартай ч хүндрэлийг давж туулах ёстой. Төсвийн тодотгол хийх гарцаагүй шаардлага үүсч байна. УИХ-ын чуулган хуралдаж энэхүү асуудлуудыг хэлэлцэх байх. Хариуцлага тооцох болон хүндрэлээс гарах хоёр алхмыг зэрэг хийх ёстой.

-Шинэчлэлийн Засгийн газар бүхий л алдааг өмнөх Засгийн газар руу чихэж байна. Хариуцлага үүрэхээс бултаж байна хэмээн дүгнэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна?

-Ер нь бол амьдрал хэцүүдэж байгаа нь үнэн. Үүнийг ямар нэгэн тоогоор аргацаалах боломжгүй. Өмнөх жилтэй харьцуулахад инфляци гайгүй байна гэж болохгүй. Тоогоор ард түмэн амьдардаггүй. Бодит амьдрал дээр валютын ханшны зөрүү ард түмний амьдралд нэрмээс болж байгаа. МАНАН-ын Засгийн газрын алдаатай бодлогуудаас үүдэн ийм байдал үүсч байгаа. Гэхдээ цаашид Шинэчлэлийн Засгийн газраас үүдэн ийм байдал үүслээ гэж хэлэхгүй байхын төлөө зөв бодлого барьж ажиллаж ёстой. Өмнөх Засгийн газрын алдаа завхарлыг засах ёстой. Мэдээж давхар давхар хүнд ачааг Засгийн газар үүрч байгаа. Тэрийг ойлгоод хамтраад цаашаа зөв явах ёстой. Цаашаа зөв явахын тулд хариуцлагыг заавал тооцох ёстой.

-УИХ-ын намрын чуулганаар Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцэнэ. Намууд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй хандаж байна.

-Намын тухай хууль ярихаас илүүтэйгээр Үндсэн хуулиа хөндөж ярих ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу бусад хуулийн өөрчлөлт шинэчлэлийн асуудлыг хөндөх ёстой. УИХ-д орж ирсэн иргэний нийгмийн хөдөлгөөнүүд томоохон хувьсгалыг ярьж байсан. Тэрхүү хувьсгал гэдэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт юм. 23 жилийн алдаа оноог тооцож, Үндсэн хуульдаа гар хүрэх цаг нь ирсэн. Үүний дараа л Улс төрийн намын тухай хуулийг ярих ёстой. Үйлдлийн дараалал нь буруу байна.

-Тухайлбал, Үндсэн хуулинд ямар өөрслөлт оруулах ёстой вэ?

-Олон зүйл байгаа. Хамгийн гол нь Үндсэн хуулинд тодорхойлогдох ёстой нэг зүйл бол монголын ард түмний өөрийнх нь үнэт зүйл. Монголын ард түмэн юуг үнэт зүйлээ гэж үзэх юм. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн цогцлоон бүтээхийг зорино оо хэмээн одоогийн үндсэн хуулинд заасан байгаа. Гэтэл хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм гэдгээ бид юу гэдгийг нь ойлгоогүй байна. Иймд монгол үндэстний үнэт зүйл нь юу байх ёстой гэдгийг тодорхойлох ёстой. Түүнээс үүдэн дараа дараагийн зүйл тодорхойлогдох ёстой. Тэр үнэт зүйлд нь энэ олон улс төрийн намууд байх ёстой юм уу, улс төрийн систем нь тохирох юм уу гээд олон зүйл байгаа. Бүх зүйлийг сууриас нь эхлэх ёстой. Энэ талаар ард түмнээсээ санал асуулга авах ёстой ч байж мэдэх юм. Бүх ард түмний хуралдайгаа хийж байж шийдэх ёстой асуудал болохоос биш хэн нэгний шийдэх асуудал биш.

-Оюутолгойн гэрээ гацаанд ороод байна. Монголын талаас ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Оюутолгойн гэрээ бол алдаатай гэрээ. Иймд үүнийг өөрчлөх ёстой. Өнөө маргаашийн хоолны мөнгө байхгүй болчихлоо гээд тулгамдсан асуудлаар Засгийн газарт тулган хүлээлгэж, шахалтаар хийх ажил биш. Төсөвт болон цаг хугацаанд шахагдаад алдаатай байдлыг хүлээн зөвшөөрөөд явах ёсгүй. Үүний эсрэг байгаа. Бид хэн нэгнийг хөөж гаргаад бүх ашгаа өөрсдөө авна гэж яриагүй. Аль аль талдаа тэнцвэртэй, хэн хэндээ ашигтай тийм л гэрээ байх ёстой. Одоогоор монголын ард түмэн ашгаа авч чадахгүй байна. Гал унтраах байдлаар Оюутолгойн гэрээнд хандаж болохгүй.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ