“Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөө Ховдод сүндэрлэжээ

Монгол Улсын бүх аймаг сүлд дуутай. Мэдээж тогтоол зарлигаар баталсан нь ч бий байх. Ард түмний дунд дуулагддагаараа ч тухайн нутгийнхны сэтгэл зүрхний илэрхийлэл болох нь олонтаа. Баянхонгор аймгийнхан
“Ганцхан насанд заяасан
Урсгал тунгалаг Байдрагтаа
Газар үнэрлэн гүйсэн
Унаган хүлэг шиг ирлээ
Хослон цэнхэртэх
Хангай, говь минь
Хонгор нутаг, Хонгор нутаг минь
Хосгүй чамдаа хайртай” гэсэн ардын уран зохиолч П.Бадарч ахайн шүлгээр бүтсэн “Хонгор нутгийн түмэндээ” дууг дуулахаараа нүд нь чийгтээд ирдэг. Ховд аймгийн тухайд сүлд дуу хоёртой гэхэд хилсдэхгүй. Нэг нь Д.Лхашидын хөгжим, Ч.Балдангийн шүлэг "Тунгалаг Буянт", нөгөө нь УГЗ, хөгжмийн зохиолч Ж.Шараагийн хөгжим, СГЗ, төрийн шагналт яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг “Хар ус нуурын шагшуурга”. Эл хоёр дууг хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад дуулж, олны хүртээл болгосон. “Тунгалаг Буянт” дууны хөшөө хэдэн жилийн өмнө Ховдод сүндэрлэсэн бол “Хар ус нуурын шагшуурга” дууны хөшөөний нээлт ирэх бямба гарагт буюу энэ сарын 05-нд Ховд аймагт болох гэж байна. Тиймээс хөгжмийн зохиолч Ж.Шараа өчигдөр дунд хүү Ш.Эрдэнэтөрөөрөө “Чингис хаан” нисэх буудал хүргүүлж, Ховдын онгоцонд суун нисчээ.
Энэ алдарт дуу хэрхэн бүтсэн түүхийг сонирхвол, яруу найрагч Б.Явуухулан 1959 онд бичсэн “Хар ус нуурын шагшуурга” шүлгээ жилийн дараа “Туяа” сэтгүүлд хэвлүүлжээ. Нэг өдөр түүний шавь, залуу яруу найрагч Намжимын Очирбат хөгжмийн зохиолч Ж.Шараатай очиж уулзсан аж. Тэрээр багшийнхаа мөнөөх шүлгийг хичээнгүйлэн хуулж авсан байж л дээ.
-За найз минь, би багшийнхаа нэг гайхалтай шүлгийг чамд авчирлаа. Чи дуу болго гэчихээд яваад өгч. Төгөлдөр хуурынхаа ард тухлан суусан хөгжмийн зохиолч гаргацтай сайхан бичсэн шүлгийг тогтон уншиж. Төдөлгүй аяыг зохируулчихлаа гэнэ. Явуу найрагчаас жаахан сүрдсэн ч аяа сонсгохоор шийджээ. Урьд нь "Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ" дуугаа биччихээд шүлгийг нь зохиогчийг “Чи шүлгээ батлуулаад ир” гэхэд цаадах нь “Чадахгүй” хэмээн зориг мохсон удаатай. Ингээд Ж.Шараа уг дууныхаа шүлгийг бариад Уул уурхайн яамны байран дахь Монголын зохиолчдын эвлэлийн хороо руу очин Б.Явуухуланд үзүүлэхэд их найрагч:
-Сонин үг байна хэмээн “батлав” гэсэн тэмдгээ дарсан аж. Дараа нь хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав дээр очиж нооттой үгээ батлуулах санаатай өгвөл цаадах нь “Сонин дуу болж” гээд шууд баталчихсан түүхтэй. Нэг өдөр Ж.Шараа, Б.Явуухулан руу утастаад “Би таны “Хар ус нуурын шагшуурга” шүлэгт ая хийчихлээ. Ирээд сонсох зав танд байнауу?” хэмээж. Дорнын их яруу найрагч дууг сонсон хэсэг чимээгүй суужээ.
-Явуухулан гуай танаас ганц юм асууж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Шагшуурга гэж юу гэсэн үг вэ?
-Шараа, чи Туул голоор явж үзсэн үү?
-Явсан явсан. Би ч уг нь бүр 1952 онд Улаанбаатарт ирсэн хүн л дээ
-Хар ус нуур гэдэг чинь баруун аймагт байдаг гайхалтай үзэсгэлэнтэй нуур л даа. Нуур усыг хөвөөлөн хулс зэгс найгаж байдаг даа. Түүнийг л шагшуурга гээд байгаа юм. Намрын цагт нуур усанд чуулсан шувууд буцахлаар нуур ус ямархан уйтайг чи Сүхбаатарын хүн мэднэ дээ.
Ж.Шараа дөрөвнийг урав хэмнэлийг дөрөвний хоёроор авч, аялгууны эхнээс адгийг хүргэв.
Хөгжмийн зохиолчдын холбооноос зохион байгуулсан нэгэн хүлээн авалт дээр утга зохиол, хөгжмийн томчуул цөм цугласан байв гэнэ. Б.Зангад, Ж.Шараа хоёр захдуухан. Харин Б.Явуухулан найрагч дарстай хундага барин С.Гончигсумлаатай юу ч юм бэ хүүрнэнэ. Тэгснээ залуу дуучин, хөгжмийн зохиолч хоёрыг олж харсан нэрт найрагч бээр шууд тэдэн дээр очиж “Хар ус нуурын шагшуургa” -это не повторим ое произведение” гэж хэлэн тэдэнтэй хундага тулгасан гэдэг.
“Хар ус нуурын шагшуурга”
“Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ.
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө.
Нүдэнд торох бараагүй
Нуурын ус цэнхэртэнэ.
Нүцгэн уулс чимээгүй
Өнгөн дээр нь сүүдэртэнэ.
Хээлэн үлээх салхи
Нимгэн мандлыг нь бидэрлэнэ.
Зөөлөн исгэрэх шагшуурга
Хөнгөн уйтгар төрүүлнэ.
Хар ус нуурын шагшуурга
Намрын салхинд исгэрнэ.
Харахад нэг л уйтгартай
Намс намс бөхөлзөнө”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ