УИХ-ын гишүүн Б.Наранхүү Э.Бат-Үүлийг шүүхэд өгчээ

“Илтэд хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай болон инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа, сургууль цэцэрлэгийн хашаанд газар олгосон зэрэг 40 захирамжийг хүчингүй болгов” гэсэн утга бүхий захирамжийг хэн гаргаж байсныг санаж байгаа байх аа. Хууль бус 40 гаруй захирамжийг хүчингүй болгосон энэхүү зоримог шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргаж байсан.
Гэтэл энэхүү 40 гаруй захирамж дотор УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн Дүнжингарав худалдааны төв тэргүүтэй Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын зэрэг нөлөө бүхий эрхмүүдийн газар багтаж байсан. Үүнээс үүдэн АН доторх ширүүхэн дайн өрнөж, Үүл даргын зоримог шийдвэрийг үл тоож, Дүнжингарав худалдааны төв нээлтээ хийсэн. 100 сэтгүүлчийн Хайнанд амрах эрхийн бичгээр шагнаж, хэвлэл мэдээллийн салбарт байдаг хаалтын гэрээг овжиноор хийж, амыг нь таглаж чадсан. Энэ ч утгаараа бүтээн байгуулалт талаас нь ярьж, бичиж, нөгөө хууль бус асуудлыг нь нүдээ аниад өнгөрөөсөн.
Анх энэхүү худалдааны төвийг барьж эхлэхтэй зэрэгцээд “Улаанбаатарчуудын ундны усны эх булаг дээр зах барилаа. Барилгын ажлыг зогсоох хэрэгтэй” гэдэг шүүмжлэл өрнөж байсан. Улмаар Усны газар төдийгүй эрдэмтэн, мэргэд ч Улаанбаатарын ундны усыг аврах гэж оролдсон. Гэвч амжилтыг эс олж, УИХ-ын гишүүн Б.Наранхүү объёктоо барьж, нээлтийг хийж чадахгүй байсан юм. МАН төрийн эрхэнд байхад нээлтээ хийж, ашиглалтад оруулах нь тийм зохимжтой биш байсан учир УИХ-ын гишүүнээр сонгогдож, нам нь төрийн эрхийг барих үед УИХ-ын гишүүдийг бөөнөөр нь зогсоож байгаад нээлтээ хийсэн юм.
Мөн намдаа хөрөнгө мөнгөөрөө тэргүүлдэг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэхүү худалдааны төвийн тодорхой хувийг худалдан авч өөрийн хүүдээ эзэмшүүлсэн гэдэг.
Энэхүү зөвшөөрөлгүй газар барьсан худалдааны төвийнхөө талаар УИХ-ын гишүүн Б.Наранхүү өөрийн байр сууриа илэрхийлж байжээ. Тэрбээр “Ийм том байгууламжийг юу гэж газрын зөвшөөрөлгүйгээр барих билээ дээ. Ном журмынх нь дагуу бүх зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаагаа эхэлсэн. Дүнжингарав худалдааны төв нь Монголдоо анх удаа бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, үзвэр, үйлчилгээний төвүүдийг нэгтгэсэн томоохон цогцолбор болох юм. Алийн болгон манай наймаачид өвөл хөлдөх гээд гадаад арилжаа хийж, дагжин чичэрч, эрүүл мэндээрээ хохирч байх ёстой юм бэ. Өнөөдөр бид хийснээ үгүйсгэж, нурааж, сүйтгээд хөгжихгүй ээ. Өөрөөр харж амьдаръя. Монгол Улсыг монголчууд бид хөгжүүлнэ. Тэгэхээр юм бүтээх гэж байгаагаа дэмжих учиртай. Дүнжингарав худалдааны төвийн газар ундны эх үүсвэр дээр баригдсан гэж бодитой биш мэдээлэл тарааж байна. Ингэж улстөржүүлж болохгүй. Дүнжингарав худалдааны төвийг танилцуулах арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг урьсан ч ирсэнгүй. Түүнийг ирэхээр нэг цаг гадаа зогсоож байгаад оруулбал, хөхөө өвлийн хүйтэнд гадаа зогсч худалдаа хийхийн зовлон мэдрэх байх. Паартай, тохилог байшинд суугаад ажиллаж амьдардаг хүмүүс хахир хүйтэнд гадаад зогсч ажиллахын ямар хэцүүг мэдэхгүй л дээ. Бид энэ цогцолборыг босгох, эргэн тойронд дах дэд бүтцийг нь шийдэх, зам барих гэж асар их хөрөнгө оруулалт оруулсан байгаа” хэмээн мэдэгдэж байжээ.
Ийнхүү хуулийн дагуу зөвшөөрөлтэй газар барьсан хэмээн мэдэгдсэн тэрбээр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн шүүхэд үндэслэлгүй захирамж гаргасан хэмээн хандсан байна.
Хуулийн байгууллага үнэний төлөө үйлчлэх үү, аль эсвэл эрх мэдэл, эд хөрөнгөд дарагдах уу гэдгийг цаг хугацаа л харуулах байх аа.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ