"Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал" цахим хэлэлцүүлэг боллоо

Улаанбаатар хот - Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) нь 6-р сарын ээлжит хурлаа Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал сэдвээр зохион байгууллаа. Энэ удаагийн цахим хэлэлцүүлэгт Дэлхийн Банкны Монгол улсыг хариуцсан менежер Андрей Михнев, Монголын уул уурхайн ассоциацийн ТУЗ-ийн гишүүн А. Билгүүн, ЭмСиЭс холдингийн Дэд ерөнхийлөгч Д. Энхтүвшин болон бие даасан судлаач, эдийн засагч Ч. Хашчулуун нар оролцлоо.
Хэлэлцүүлгийг АмЧамийн ТУЗ-ийн дарга Жэй Лиотта чиглүүлж, тус цахим уулзалтад гадаад, дотоодын 70 орчим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нар оролцож сонгуулийн дараа бүрдэх шинэ засгийн газрын өмнө тулгарах нэн тэргүүний сорилт, бодлогын тэргүүлэх чиглэлийн талаар илэн далангуй санал солилцож ярилцлаа.
Жэй Лиотта нээлтийн үгэндээ Монгол Улс Ковид-19 цар тахлын эдийн засгийн сөрөг нөлөөг хэр түргэн давж чадах тухай асуулт дэвшүүлж, Монгол Улс нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар маш амжилттай ажилласан ч, эдийн засгийн асар хүндрэлтэй тулгарч байгааг онцлов.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10.7%-иар агшиж, өмнөх оны мөн үеэд 322 сая долларын ашигтай байсан төлбөрийн тэнцэл 665 сая ам.долларын алдагдал хүлээлээ. Фич (Fitch) олон улсын байгууллагаас Монгол Улсын зэрэглэлийг В хэвээр үлдээж, урт хугацааны төлөв байдлыг тогтвортой гэж үнэлсэн байна. Мөн эдийн засаг богино хугацааны цар тахлын хямралыг давж 2021 онд 7.9% өсөлттэй байна гэж таамаглажээ. Гэвч худалдааны алдагдал 389.6 сая ам.долларт хүрч, хилийн хоригоос болж экспортын хэмжээ үлэмж хэмжээгээр буурч, нүүрсний экспорт 2019 оны мөн үеэс 2.9 дахин буурсан байна. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах, цаг заваа зарцуулахаас цааргалж байгаа дүр төрх ажиглагдаж байна.
Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 481.4 сая ам.доллар гэсэн үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 20% буурсан тоо юм. Дэлхийн Банкны дүгнэснээр 2020 оны 1-р улиралд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын 90% нь Оюу Толгойн бүтээн байгуулалттай холбоотой гэжээ. Тиймээс Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэх нь хэр бодитой вэ? Шинэ УИХ, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, төрийн хэт оролцоотой эдийн засгийн хөгжлийн загвараас татгалзаж чадах уу зэрэг асуулт дэвшүүлж энэ удаагийн хэлэлцүүлгийг эхлүүллээ.
Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев хэлэхдээ Монгол Улсын эдийн засагт сонгуулиас илүү Ковид-19 цар тахал хүчтэй нөлөө үзүүлж байгааг онцлов. Тус Банкны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт -0.5-аас -2.5% хүртэл агшина гэж тооцжээ. Хэрэв шинэ засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах, засгийн газрын өрийг зохистой удирдахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэв.
Мөн дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийг тогтмол ажиглаж байх нь нэн чухал байх болно гэдгийг онцлов. Шинэ Засгийн газрын нэн тэргүүний сорилт бол бизнесийн оролцоог хангасан хувийн хэвшилд түшиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх явдал байх болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ