УИД-т гарсан галын шалтгааныг тогтоохоор 20 мөрдөгч ажиллаж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага 06 дугаар сарын 07-ны өдрийн 16:48 цагт ОБЕГ хүлээн авсан. Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч обьектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан юм.


Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Гал гарсан тус обьектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг гурав дахь өдрөө зохион байгууллаа.



Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар обьектыг үргэлжлүүлэн  хамгаалалтад авчээ. 


Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд таван давхар хүртэл үзлэг, шалгалтыг хийж дуусгасан бөгөөд өнөөдөр зургаан давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин ярилаа.



СЭТГЭГДЭЛ БИЧИХ