Р.Дагва: Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад тохиромжтой

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “L.A.B 2” ТББ-ын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар оролцлоо. Тус байгууллага 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд саналаа тусгадаг аж.


Тэд өмнө нь Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инноваци зэрэг асуудлын талаар ярилцсан бол энэ удаа хотын эдийн засгийн талаар санал бодлоо солилцсон юм.


Чөлөөт уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва "Нийслэл хот ДНБ-ий 67 хувийг эзэлж, хүн ам болон эдийн засгийн төвлөрлийг бий болгосон. Энэ нь хотын эдийн засгийг өсгөх нэг боломж юм. Үүнийг дагаад Улаанбаатар хотын дэргэд эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад тохиромжтой, үр дүнд хүрэх боломжтой. Чөлөөт бүс байгуулснаар ажлын байр нэмэгдэж Улаанбаатар хотын хөгжлийг нэг шатанд ахиулна" гэлээ.


Мөн "Улаанбаатар хотод жил бүр халуун ус тасардаг. Энэ нь хотын буруу төлөвлөгөө болон төсөвтэй холбоотой. Мөн хотын төвдөө бүхий л ажлын байр нь байршиж байгаа нь замын түгжрэлийн бас нэг шалтгаан. Дагуул хот буюу чөлөөт бүс байгуулах, Улаанбаатар хотыг санхүүгийн болон захиргааны эрх мэдэлтэй болгох шаардлагатайг хот төлөвлөлт, барилгын инженер, архитектур, эдийн засагч зэрэг мэргэжилтэй залуус хэлж байв.


Эдийн засагч Б.Дөлгөөн "Монгол улсын нийт хүн амын 50 хувь нь нийслэл хотдоо амьдарч байна. Гэхдээ улсын төсвийн 10 хүрэхгүй хувийг хотын төсөв эзэлдэг. Ингээд тооцвол нэг хүнд ноогдох хөрөнгө оруулалт Улаанбаатарчуудад хамгийн бага. Мөн гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 80 хувийг уул уурхайн компаниуд, 10-20  хувийг хөдөө аж ахуйн салбар  эзэлдэг. Гэтэл уул уурхайн компаниуд нийт ажлын байрны 4 хувийг эзэлдэг. Иймээс дагуул хот буюу чөлөөт бүс байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ