“The Hu” хамтлагийн онлайн тоглолт энэ сарын 23-нд болно

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо White Rock Center-т 2020 оны зургаадугаар сарын 23-ны мягмар гарагийн орой хийнэ.
Уг хандивын тоглолтыг “The HU” хамтлаг “Хүрээ энтертайнмент” ХХК-тай хамтран МҮОНРТ-ээр шууд дамжуулан хүргэх юм.
“The Hu” хамтлаг нь хөөмий, хархираа зэрэг монголчуудын хийдэг хоолойн өвөрмөц техникүүд болоод морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн дуугаралтыг орчин цагийн рок хөгжмийн элементүүдтэй хавсарган Хүннү рок урсгалыг дэлхийн тавцанд танилцуулаад байгаа юм.
Дэлхийг тойрон аялах тоглолтын хугацаандаа цар тахлын улмаас түр зогсолт хийсэн “The Hu” хамтлаг улс орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулж, цар тахлын үед элэг нэгт монголчууддаа сэтгэлийн дэм өгөхөөр тоглолтын бэлтгэл ажилдаа аль хэдийнэ оржээ.
"COVID-19"-ийн эсрэг амжилттай тэмцэж, ард иргэдээ хамгаалж буй хүмүүст талархан, иргэн бүр хариуцлагатай байх нь чухал энэ цаг үед урьдчилан сэргийлэх, хамгаалах ажиллагааг сулруулахгүй, сонор сэрэмжээ алдахгүй байхыг нийт монголчууддаа сануулж уг тоглолтыг зохион байгуулж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ