"Сонгогчдын регистрийн дугаарыг цуглуулж хандив өгөхөд ашиглаж байна"

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний төрийн бус байгууллагууд УИХ-ын сонгуулийн үеэр хэд хэдэн чиглэлээр ажиглалт мониторинг хийж байгаа юм. Тухайлбал, нийгмийн сүлжээн дэхь сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдал, сонгуулийн автоматжуулсан системийг сонгуульд бэлтгэх үйл явц, залуучууд сонгуулийн үйл явцыг ажиглана, хэвлэл мэдээллийн мониторинг хийж байна.


Эдгээр ажиглалт мониторингийн үйл явцын талаар өчигдөр Нээлттэй нийгэм форумаас мэдээлэл хийв.


“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “Бодлогод залуусын хяналт” ТББ хамтран сонгуулийн санал авах, санал тоолох үйл ажиллагааны ажиглалт болоод сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт тавьж байгаа аж. Тус төрийн бус байгууллагын ажиглалтын хүрээнд нийт 200 гаруй ажиглагч нийслэлийн дүүргүүд болон таван аймагт ажиллахаар болсон байна. Улмаар ажиглагч нар сургалтад хамрагдаж байгаа аж. 


Түүнчлэн сонгогчдын нэрсийн жагсаалтад хяналт хийхээр Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт төвлөрч ажиллажээ. Төрийн бус байгууллагынхан хэсгийн хороодод очиж, сонгогчдын хаягийг шалгасан байна. Шалгалтаар нэг хаяг дээр олон сонгогч бүртгэлтэй байх тохиолдол их гарчээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хороо, Эрдэнэтолгой 50 дугаар гудамжны нэгэн хашаа байшинд 10 хүн бүртгэлтэй байсан аж. Үүнийг шалгахад байшин нь балгас, хүн амьдардаг шинжгүй, эзгүй хашаа байжээ.


Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Монелийн 12 дугаар гудамжны нэгэн хашаанд 20 хүн бүртгэлтэй байсан аж. Шалгахад хаяг дээр зөвхөн сонгуулийн насны хоёр иргэн буюу ээж охин амьдардаг байжээ. Нөхөр нь амьдардаг хэдий ч орон нутагт бүртгэлтэй гэжээ. Тус хаяг дээр өмнө нь бүртгэлтэй байсан хүмүүсийг хасуулах хүсэлт гаргасан ч өөрсдөө хасалт хийлгээгүй гэсэн байна.


Түүнчлэн регистрийн дугаар, бичиг баримт цуглуулж сонгуулийн хандив өгөхөд ашиглаж байгааг мэдээллийн үеэр дурдаж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ